Канадын иргэнийг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн эрх баригчдыг буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА. /ВВС/.
Сикх үндэстний салан
тусгаарлагчдын удирдагч Хардип Сингх Нижарыг хөнөөх ажиллагааг зохион байгуулахад
Энэтхэгийн засгийн газар оролцсон
байж магадгүй гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн зургаадугаар
сард Канадын Британийн Колумб муж дахь сүмийн ойролцоо Хардип Нижарыг буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Ж.Трюдо хэлэхдээ, Энэтхэг улс Х.Нижарын үхэлтэй холбоотой болохыг нотолсон "үнэмшил төрүүлэхүйц" мэдээллийг Канадын тагнуулын алба хүлээн авсан гэжээ. Саяхан болсон "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа сикхүүдийн удирдагчийг хөнөөсөн асуудлыг хөндсөн гэдгээ тэрбээр нэмж хэлэв.
“Канад улсын нутаг дэвсгэр дээр Канадын
иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт гадаадын засгийн газар оролцох нь манай улсын бүрэн эрхт байдлыг ноцтойгоор зөрчиж байна" гэж Ж.Трюдо Канадын парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн
Канад улс Х.Нижарыг хөнөөсөн хэрэгт анхаарлаа хандуулж байгаагаа
Энэтхэгийн тагнуулын болон аюулгүй байдлын албаны дарга нарт уламжилсан
гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Саяхан Энэтхэгт болсон "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтын үеэр Моди, Трюдо нарын дунд ширүүн яриа өрнөсөн аж. Энэтхэгийн Ерөнхий сайд хэлэхдээ "хэт даврагч элементүүдийн Энэтхэгийн эсрэг явуулж буй үйл ажиллагааг зогсоохын тулд хангалттай зүйл хийхгүй байна" гэж Канадын талыг буруутгажээ. Үүний зэрэгцээ Энэтхэг улс Х.Нижарыг хөнөөхөд огт оролцоогүй гэдгийг мэдэгдсэн байна.
Канадын эрх баригчид энэ хэрэгтэй холбогдуулан Энэтхэгийн нэг дипломатчийг нутаг буцаасан гэж Канадын
Гадаад
хэргийн сайд Мелани Жоли сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Тэр дипломатч Энэтхэгийн
гадаад тагнуулын албаны Судалгаа, шинжилгээний ажилтан байсан ажээ.
Мөрдөн байцаагчид Х.Нижар зохион байгуулалттай халдлагад
өртөж амь үрэгдсэн гэж дүгнэсэн юм.
Ванкуверээс зүүн зүгт 20 км-ийн зайд орших Сурри хотын Сикх сүмийн зогсоол дээр тавьсан машиндаа суух үед нь Х.Нижарыг баг өмссөн хоёр этгээд буудан хөнөөжээ. Х.Нижар Энэтхэгийн Пенжаб мужийн нутаг дахь сикхүүдийн Халистан гэдэг хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг дэмждэг байсан юм.