Төв Ази-Японы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /mofa.jp/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Японы Гадаад хэргийн сайд Йоко Камикава, Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу нар уулзаж, ирэх онд Төв Ази-Японы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ.
Энэ тухай өчигдөр Японы ГХЯ-ны албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
“Төв Ази-Японы дээд
хэмжээний уулзалтыг ирэх оны тохиромжтой үед зохион байгуулах нь зүйтэй гэдэгт
хоёр тал санал нэгдлээ. Яриа хэлэлцээг даргалагч Казахстан улс дээд хэмжээний уулзалтын асуудлаар холбогдох бусад улсуудтай ярилцан зөвшилцөх тал дээр Японтай хамтран ажиллана” гэж тус мэдэгдэлд дурджээ.
Й.Камикава
“бүс нутгийн уялдаа холбоо, эрчим хүчний шилжилтийг” тогтвортой хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд "Казахстан бол хуулийг дээдлэх зарчимд тулгуурласан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалан бэхжүүлэхэд стратегийн түнш мөн" гэдгийг онцоллоо.
Япон улс сүүлийн жилүүдэд Төв Азийн Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан,
Узбекистан улсуудтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч
байгаа аж. 2022 оны 12 дугаар сарын эхээр тус бүс нутгийн улс орнуудын төрийн байгууллага,
бизнесийн салбарын төлөөлөл оролцсон Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга
уулзалт Токио хотноо болсон юм.