Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-24 11:40:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ноос ирээдүй”, “Арьс ирээдүй” ХХК, “Өв эко мийт” орон нутгийн өмчит үйлдвэртэй танилцлаа.


Өвөрхангай аймагт төрөлжин хөгжих боломжит салбар нь мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэр. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Эхний ээлжинд тус аймагт олон улсын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн иргэдтэй хийж буй уулзалтын үеэр малын түүхий эдийн үнэ унасан, түүхий эд боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргахад төр бодлогоор анхаарах шаардлагатай саналыг малчид хэлж байгаа.


“Шинэ сэргэлт”-ийн “Таван цагираг” хөтөлбөр нь 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайд танилцуулж байгаа юм.


Өвөрхангай аймгийн үйлдвэрүүдтэй танилцах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтрах бодлогоо зарлаад байгаа. Өвөрхангай аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь  аймагтай хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болон оршиж буй томоохон суурин. Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Замын-Үүдтэй,  мөн Өмнөговь аймагтай, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай автозамаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болох боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүс бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй. Эхний ээлжинд таван бүсэд, таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын амьдралд орлого болно гэсэн хувилбарыг Засгийн газар судалж байнахэмээв.


"Ноос ирээдүй” ХХК 2013 онд Өвөрхангай аймгийн төвд салбараа байгуулж, жилд 3000-4000 тн ноос, ноолуур боловсруулдаг, 150 гаруй ажилчинтай аж. Үйлдвэр ноос угаах, самнах, эсгий туурга болон оёдлын цехтэй, самнасан ноос, эсгий, аяны болон энгийн хөнжил, олбог, гадуур хүрэм үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Бүтээгдэхүүний чанарыг шалгах, хянах бүх төрлийн тоног төхөөрөмж суурилуулан, бүтээгдэхүүнд стандарт, хэмжил зүйн үндэсний тохирлын гэрчилгээ авчээ. Түүхий эдээ орон нутаг, баруун аймгуудын малчдаас худалдан авч үйлдвэрийн дамжлага руу оруулдаг. Ялгах, самнах, угаах, эсгий туурганы цехтэй. Угаах цехээс гарсан лаг шаврыг ашиглан барилгын материал, үйлдвэрлэн дотооддоо ашиглаж байна.


“Ноос ирээдүй” ХХК нь 2021 онд “Арьс ирээдүй” ХХК-ийг байгуулан, жилд нэг сая арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийх хүчин чадалтай үйлдвэр.  Үйлдвэрийн дэргэд хоногт 400-500 тн ус цэвэрлэх байгууламж барьж, 100 орчим ажлын байр бий болгожээ. Мөн орон нутгийн иргэд, зэргэлдээх аймгуудаас малын арьс, ширийг Улаанбаатарын ханшаар худалдан авдаг байна.   



"Өв эко мийт” үйлдвэр 2009 онд ашиглалтад орсон, Архангай, Өвөрхангай, Завхан, Булган, Дундговь, Говь-Алтай, Ховд зэрэг аймгаас мал, мах бэлтгэдэг, хоногт 1000-1200 бог, 250-300 бод мал төхөөрөх хүчин чадалтай, 90 ажилчинтай. Бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл, Хятад, Иран зэрэг улсад экспортолдог. Энэ онд Иран улсад 100-150 мянган хонины мах нийлүүлэхээр гэрээ байгуулаад байгаа аж. 




Холбоотой мэдээ