Төгөлдөр хуурч С.Одгэрэл ганцаарчилсан тайлан тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төгөлдөр хуурч С.Одгэрэл ганцаарчилсан тайлан тоглолтоо Монгол Улсын филармонид энэ сарын 28-нд толилуулна.
Хоёр хэсгээс бүрдэх эл тоглолтын эхний хэсэгт Латин Америк, Аргентин хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс Монголд анх удаа тоглох бол удаах хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчдын, тэр дундаа сүүлийн үеийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын тоглогдож байгаагүй зохиол бүтээлүүд эгшиглэхээрээ онцлогтой. Тоглолтод Аргентины хөгжмийн нэрт зохиолч, танго хөгжмийн эцэг гэгддэг Астор Пиаццоллагийн төгөлдөр хуурт зориулсан 3 цуврал прелюдиг Монголд анх удаа сонордуулахаас гадна мөн орны алдарт хөгжмийн зохиолч Албэрто Жинастэрагийн "Аргентин бүжгүүд" цуврал бүтээлийг эхний хэсэгт толилуулах юм.
Удаах хэсэгт Монголын хөгжмийн нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, З.Хангал, Б.Шарав, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл нарын олонд танигдсан зохиолууд болон тоглож байгаагүй шинэ зохиол бүтээлүүдээс нь түүвэрлэн үзэгч түмэндээ хүргэнэ. Тоглолтыг хөгжим судлаач доктор, профессор Б.Батжаргал тайлбарлан хүргэх юм.
Ташрамд сонирхуулахад, solo recital dуюу гоцлол тоглолт нь хөгжимчин тоглолтын эхлэл, өрнөл, төгсгөл бүгдийг дангаар буюу ганцаар авч явах, үзүүлэхдээ ур чадвар, мэдрэмж бүхнээ хөгжмийн зохиолчийн үзэл санаа, хүргэхийг хүссэн бодол сэтгэлгээг дамжуулахыг эрмэлздэгтээ оршдог тоглолтын хэлбэр юм. Анх Унгарын хөгжмийн зохиолч гарамгай виртуоз хөгжимчин Франц Лист энэхүү гоцлол төгөлдөр хуурын хэв маягийг бий болгосон гэдэг.