Иракт хуримын үеэр гарсан түймэрт өртөж 100 гаруй хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /BBC/.
Иракийн хойд нутгийн Ниневи мужид болсон
нэгэн хуримын үдэшлэгийн үеэр гал түймэр гарсны улмаас 100 хүн амиа алдаж, 150 хүн
гэмтэж түлэгдсэн тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд хуримлаж байсан сүйт залуу, бүсгүй хоёр байсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна. Ниневи
мужийн Аль-Хамдания дүүрэгт мягмар гаргийн орой гарсан түймрийн шалтгаан
одоогоор тодорхойгүй байгаа боловч салют буудсаны дараа гал гарсан бололтой.
Иракийн “Nina” агентлагийн гэрэл зургуудыг үзэхэд, олон арван гал
сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байсан бөгөөд сэтгүүлчдийн олон
нийтийн сүлжээнд нийтэлсэн зургуудад хүлээн авалтын танхимд байгаа цогцсууд харагдана.
Барилгын шатамхай хавтангууд нь түймэр маш түргэн тархахад нөлөөлж, дээврийн хэсгүүд доош нурж унасан байна. Барилгыг барихдаа хэт шатамхай, хямд үнэтэй материал ашигласан нь түймэр дэгдэх үед танхимын хана нурахад хүргэсэн гэж Иракийн Иргэний хамгаалалтын газар мэдэгдсэнийг эш татан “Nina” агентлаг мэдээлжээ.
Иракийн эрх баригчид түргэн тусламжийн багуудыг ослын газар руу илгээсэн байна. Иракийн Ерөнхий сайд “Золгүй явдалд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон” тухай түүний ажлын алба “X” хуудсандаа /хуучнаар “Twitter”/ нийтэлжээ.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг Ниневи мужийн эмнэлгүүдэд хүргэсэн гэж тус мужийн захирагч “INA” агентлагт мэдээлсэн байна. Түүнчлэн амиа алдсан, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо тодорхой болоогүй байгаа бөгөөд цаашид нэмэгдэх магадлалтай гэдгийг тэрбээр хэллээ. Мужийн төв Мосул хотоос зүүн зүгт орших Хамдания хотын төв эмнэлэгт олон арван хүмүүс ирж, гэмтэж түлэгдсэн хүмүүст туслахаар цусаа хандивлаж байна.