АРХАНГАЙ: Санхүүгийн боловсрол олгох хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-28 12:14:05

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монголбанк, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Эрдэнэбулган, Булган, Цэнхэр суманд “Эдийн засгийн хөгжлийн бодлогод- Санхүүгийн боловсрол” хэлэлцүүлгийг, мөн орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, ерөнхий боловсролын сургуулиуд болон МСҮТ-ийн суралцагчид, төрийн албан хаагчдад сургалт хийж, сургагч багш нарыг бэлтгэжээ.


Энэ ажил нь орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх ажлын хүртээмжийг дэмжих зорилготой юм.


Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан “Эдийн засгийн хөгжлийн бодлогод-Санхүүгийн боловсрол” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар байр сууриа илэрхийлсэн.


Тухайлбал, санхүүгийн боловсрол бол иргэдийн санхүүгээ зөв удирдахад өөртөө олгож буй том “боломж” болох талаар, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт цахим болон танхимаар “Бизнес судлал хичээл”-ийг долоо хоногт 2 удаа орох боломж байгаа талаар, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн мэдлэгийг түгээх ажилд сургагч багш нарын оролцоо чухал болох мөн нөлөөллийн үйл ажиллагаануудыг хийх талаар хэлэлцлээ.


Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төв, Зээлийн батлан даалтын сан болон Шпаркассе банкны Монгол дахь суурин төлөөлөгч Маркус Лох нар Архангай аймгийн банкны 35 төлөөлөлд санхүүгийн боловсрол олгох сургалтыг явуулж, сургагч багш нарыг бэлтгэсэн юм.   


Санхүүгийн мэдлэг дээшлүүлэх чиглэлээр хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хуримтлалын ач холбогдол, цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам болон зээлийн батлан даалтын талаарх мэдээллийг нийт 1320 иргэн, хүүхэд залууст танхимаар мэдээлэл өгчээ.


Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс цахим орчинд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийг хийжээ.


Хэлэлцүүлгийн үеэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Монголбанк, ХААН банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкны салбар, нэгжүүд хэлэлцүүлэгт оролцогсдод өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, харилцагч иргэн, ААН-ийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн худалдаа гаргав.




Дээрх хэлэлцүүлгийг Хадгаламжийн даатгалын корпорац, Зээлийн батлан даалтын сан болон Шпаркассе сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан юм.  

Холбоотой мэдээ