"Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөлтэй хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-19 18:00:25

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шведийн Упсала Их сургууль, Швейцарийн Боловсролын салбар дахь Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөлтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт аймгийн Засаг дарга Г.Ганболд, тус төслийн захирал А.Амгалан нар гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд Өвөрхангай аймгийн "Ногоон хөгжлийн төлөвлөгөө"-г Монгол улсын хүчин төгөлдөр эрхзүйн актуутад нийцүүлэн дахин боловсруулах, аймгийн хөгжлийн бодлогын төлөвлөлтөд ногоон хөгжлийн төлөвлөгөөг тусган шинэчлэн найруулахад  хоёр тал хамтран ажиллах юм.

Үүний тулд тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийн чиглэлээр ажлын хэсгийг чадавхжуулах, тогтвортой хөгжлийн үндсэн ойлголтуудыг олон нийтэд сурталчлах, ногоон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад ард иргэд, залуу үе, өсвөр насныхныг татан оролцуулах, олон талын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөөд байна. Мөн ногоон хөгжлийн стратегийн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг тодорхойлсон бодлогын баримт бичгийг боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн дээрх ажлуудыг энэ оны 9 дүгээр сарын 6-аас эхлэн 11 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм.

"Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн гурван байгууллагын хамтарсан санхүүжүүлттэйгээр 2015-2017 оныг дуустал Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ