ЗАВХАН: Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-02 11:07:06

Улиастай, 2023 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Тус аймагт барьж буй дулааны станцын энэ жилийн төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна.


Завхан аймгийн төв Улиастай суманд 25 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлыг эхлүүлсэн. БНСУ-ын хөрөнгө оруулалт болох 13 сая 95 мянган америк долларын хөнгөлөлттэй зээлээр 8.4 км дулааны шугам, 11 дулаан дамжуулах төвийг барихаар төлөвлөж, төслийн ажлыг өнгөрсөн жил шавыг нь тавьж эхлүүлээд буй юм.


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК шалгарч 2024 оны намар ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажлыг хийж байна.

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Азжаргал нар барилга угсралтын ажлын явцтай танилцаж, орон нутгаас үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцлаа.


Энэ үеэр дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэгчээс шаардлагатай чулуу хайргаа орон нутгаас татах. Дулааны станц хүртэлх ачаа тээврийн замын асуудлыг шийдвэрлэж өгөх зэрэг хүсэлтүүдийг гаргалаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ