Хангайн бүсийнхэн сайн туршлагаа солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-19 19:31:56

“Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн хүүхдийн III чуулган Баянхонгор аймгийн “Өвгөн жаргалантын” зусланд зохион байгуулагдлаа.

Тус чуулганд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны газрын дарга Н.Баярмаа, НҮБ ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд болон хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  газрын дарга нар чуулж хүүхэд хамгаалал, оролцоо, хөгжлийн асуудлаар хэлэлцэж, харилцан туршлага солилцсон байна. 

Мөн чуулганд баруун бүсийн Завхан аймгийн төлөөлөгчид урилгаар оролцож сайн туршлагаа хуваалцжээ. Хангайн бүсийн 60 гаруй хүүхэд оролцсон энэ удаагийн чуулганы үеэр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнгээс суралцах, хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих, хүүхдийн санал бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргах төвшинд хүргэж, харилцан мэдээлэл солилцсон аж. Түүнчлэн оролцогч хүүхдүүд аймагтаа хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаа үе тэнгийнхэндээ танилцуулсан үр дүнтэй чуулган болсноороо онцлог болжээ.

Сонирхуулахад, “Хүүхдэд ээлтэй орон нутаг- хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн чуулга уулзалт 2012 онд Булган, 2014 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байсан байна. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус чуулган Архангай аймагт үргэлжилж, энэ удаагийн чуулганаар гарсан зөвлөмжүүдийг хэлэлцэж хүүхдийн оролцоо, хөгжил, хамгааллын асуудлаар мөн зөвлөлдөх аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ