УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-20 01:25:13

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган завсарлаж, УИХ, Засгийн газрын гишүүд хөдөө, орон нутагт ажиллаж байна.

Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ сарын 14-өөс эхлэн Арвайхээр, Тарагт суманд ажиллаж, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэдтэй тус тус уулзалт хийн улс орны санхүү, эдийн засгийн байдал, төсвийн тодотгол, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулж яваа юм.

Тэрбээр залуучуудын дунд “Эртэч Монгол залуу” уулзалтыг зохион байгуулж, улс төр, бизнесийн талаар яриа өрнүүлэн тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсонгоо  өглөөний цай хамтдаа уусан юм. Залуучууд дээд боловсролтой ажилгүйчүүд, ажилгүйдлээс үүдэлтэй ядууралд санаа зовниж байдгаа илэрхийлж байсан бол Д.Тогтохсүрэн гишүүн, залуучууд руу чиглэсэн төрийн бус байгууллага, оролцооны байгууллагуудтай хамтарч ажиллахыг хичээж байгаа, Өвөрхангай аймгийн Засаг дарга байхдаа 2016 оныг “Залуучуудыг дэмжих жил” болгон зарлахыг санаачилж, зарим ажлуудыг эхлүүлсэн хэмээж байв.

Тэрээр орон нутгийн Соёмбо телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултанд хариулсан бол Арвайхээр, Тарагт сумын 1500 гаруй иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан юм. Түүнд хандаж иргэд хэлэхдээ “Улс орныг ядууралд оруулсан “хэргийн” эздийг илрүүлж хариуцлага тооцох, ажилгүйдлыг бууруулж, үйлдвэрлэлийг бий болгох, малыг экспортонд гаргах, түүхий эдийн үнийг өсгөх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх” гэсэн саналыг тавьж байлаа.

Иргэд оюутны зээлийн сан хэзээнээс хэрэгжиж эхлэх, түүнд оюутан хүүхдээ хэрхэн хамруулах талаар багагүй асуулт тавьж байлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ