Арвайхээр сумын залуу малчид туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-20 01:40:18

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЗДТГ-аас залуу малчдын туршлага судлах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд тус сумын 11 багаас 100 гаруй залуу малчин оролцсон бөгөөд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг  сайжруулах талаар туршлага солилцсон юм. Тэд Арвайхээр сумын 7 дугаар багийн малчин н.Авирмэдийнд очиж, фермерийн үйл ажиллагаатай танилцан сүүний болон махны чиглэлийн үхрийг ялгаж таних арга ухаанаас суралцсан байна.

Мөн амьдрах ухаан сургалтанд хамрагдан урлаг, спортын арга хэмжээнд оролцож, мал сүргээ өсгөн аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж яваа хөдөлмөр зүтгэлээ аймгийн болон сумын Засга даргын “Жуух бичиг”-ээр үнэлүүллээ.

Залуу малчид өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудлаа 6 настай хүүхдийн сургуульд элсэн суралцах явдал хэмээж, хүүхдээ сургахын тулд эхнэр, нөхөр хоёр талд амьдрах болдог нь мал маллахад ихээхэн бэрхшээл учруулдаг гэж байв. Бусдаар цаг агаар л сайхан байвал өөр тулгамдаад байх асуудалгүй гэцгээж байсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ