СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд 21 хүүхэд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-04 22:44:39

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн 43 цэцэрлэгт 584 багш, ерөнхий боловсролын 35 сургуульд 1169 багш ажиллаж байна. 

 

Баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар сумын ЕБ-ын лаборатори 4-р сургуулийн бага ангийн сургалтын менежер, ахмад багш Л.Оюунтүлхүүр төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, химийн багш Э.Оюунжаргалыг БШУЯ-ны “Жуух бичиг”-гээр шагнасныг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гардуулан өглөө.

 

Боловсролын багц хууль батлагдаж, хамтаараа боловсролын тэгш бус байдлыг арилгах, монгол хэл бичгийн төгс хэрэглээг эзэмшүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэд бэлтгэх. Цаашлаад багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх түүхэн цаг үе боловсролын салбарынхны өмнө ирээд байна.

 

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг чанартай боловсролыг хангах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сан, үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас боловсролын салбарт 232.743.195 төгрөгийг зарцуулаад байгаа аж.

 

Мөн аймгийн боловсролын салбарыг 2032 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, улс, аймаг, сум, олон улсын тусламжийн байгууллагаас тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн багш нарын мэдлэг ур чадвар, сургалтын орчин, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаагаа баярын энэ өдөр аймгийн Засаг дарга бахархалтайгаар өгүүллээ.

 

Мөн Сэлэнгэ аймаг хамтын ажиллагаатай улс, аймаг, хот мужуудтайгаа хамтран олон талт ажлыг зохион байгуулж байгаа. Тодруулбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд 21 суралцагч суралцаж, БНСУ-ын Жежү мужийнхан сургуулиудад цахим анги байгуулах үйлсэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн олгосоор байгаа аж.

Холбоотой мэдээ