БАЯНХОНГОР: Галын аюулгүй байдлыг хангах ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүдэд Онцгой байдлын газраас галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Үзлэг шалгалтаар 535 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулж, гал түймэр гарах эрсдэл бүхий 486 зөрчлийг илрүүлжээ. Шалгалтын хүрээнд газар дээр нь 250 зөрчлийг арилгуулж, 1000 шахам иргэнд урьдчилан сэргийлэх санамж, гарын авлага материал тараан, үлдсэн зөрчлийг арилгах талаар заавар зөвлөмж өгсөн байна.
Иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн Онцгой байдлын газраас хүргүүллээ.
-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг тус газраас анхааруулж байна.