Тоосонцрын дээжээр Сарны насыг тодорхойлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-24 12:40:43

ЧИКАГО, 2023 оны аравдугаар сарын 24 /TASS/.  “Аполлон- 17” хөлгөөр дэлхийд авчирсан Сарны тоосонцрын дээжийг шинжилснээр манай гаргийн дагуул нь өмнө тооцоолж байснаас 40 сая жилийн өмнө буюу дор хаяж 4.46 тэрбум жилийн өмнө үүссэн болохыг судлаачид тогтоожээ.  Энэ тухай Америкийн Филдийн музейн хэвлэлийн алба мэдээлсэн бөгөөд тухайн судалгааны талаарх өгүүлэл "Geochemical Perspectives Letters" сэтгүүлд нийтлэгдсэн байна. 


“Эдгээр талст нь аварга том биет Дэлхийтэй мөргөлдсөний дараахан үүссэн хатуу бодисын хамгийн эртний дээжүүдийн нэг юм. Одоо бид эдгээр дээжийн насыг мэдэж байгаа тул Сарны үүслийн лавлагаа болгон ашиглалаа" гэж Чикагогийн их сургуулийн профессор Филипп Хек ярилаа. 


Хек болон түүний багийнхан 1972 онд авчирсан уг дээжийг судлах явцдаа цирконы талстуудыг илрүүлжээ. Энэ нь халуун хайлмагаас /лаав/ илэрдэг эрдэс бодис бөгөөд дотор нь байгаа уран, торигийн атомынх нь агууламжаар, мөн задралд орох үед үүсдэг бодисуудаар нь чулуулгийн насыг тодорхойлдог байна. 


Судалгааны явцад Сарны зарим дээж 4.46 тэрбум жилийн настай болохыг тодорхойлжээ. Энэ нь манай гаргийн дагуул гараг судлаачдийн тооцоолж  байснаас дор хаяж 40 сая жилийн өмнө үүссэн гэсэн үг юм. Түүнчлэн Нарны аймаг үүссэний дараа Дэлхий ба Сар хэрхэн үүссэн талаарх ойлголтыг шинэ өнцгөөс харах боломжийг олгоно гэж судалгааны өгүүлэлд дурджээ. 


Сарны үүслийн талаарх тайлагдаагүй оньсого

Манай Дэлхий Ангараг гаргаас томгүй Тейа гэдэг гарагтай мөргөлдсөний улмаас Сар үүссэн гэж эрдэмтэд үздэг. Улмаар Дэлхий болон уг гаргийн бодис хоорондоо холилдож, эртний Дэлхийн мантигаас болон Тейагаас бодисууд  дэлхий орчмын тойрог замд цацагдаж, дараа нь Сар үүсэн бий болжээ. Энэхүү онолоор Дэлхийн дагуулын масс, түүний бүтцийн зарим онцлог шинж чанаруудыг, ялангуяа гадаргууд нь төмрийн нэгдлүүд байхгүй гэдгийг тайлбарладаг байна.


Нөгөөтэйгүүр, яагаад Дэлхий, Сар хоёр химийн болон изотопын найрлагаар хоорондоо маш төстэй болохыг сайн тайлбарлаж чаддаггүй. Хэрэв Сар нь бодисынхоо нэлээд хэсгийг Нарны аймгийн өөр бүсэд үүссэн Тейагаас өвлөн авсан гэж үзвэл үүнийг тайлбарлах бараг боломжгүй юм. Эдгээр таамаглал нь эрдэмтдийг Дэлхий ба түүний дагуулын хувьслын талаар өөр онолын эрэлд гарахад хүргэжээ.





Холбоотой мэдээ