Балтийн тэнгис дэх холбооны кабель ба хийн хоолойн гэмтлийг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-24 15:00:13

СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 24 /Reuters/. Балтийн тэнгис дэх Швед-Эстонийн харилцаа холбооны кабелийн шугамын гэмтэл нь Финланд-Эстонийн хий дамжуулах хоолой, кабелийн гэмтэлтэй холбоотой гэж Эстонийн эрх баригчид үзэж байгаа тухай Шведийн засгийн газар даваа гарагт мэдэгджээ.


Финланд, Эстонийг холбосон хийн хоолой ба холбооны кабель шугам аравдугаар сарын 8-нд гэмтсэн бөгөөд санаатай хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй гэж Финландын мөрдөн байцаагчид үзэж байгаа юм. Хий дамжуулах хоолойн гэмтлийг Финланд, харин кабелийн гэмтлийг Эстонийн тал шалгаж байгаа ажээ.


Гурав дахь гэмтэл буюу Швед-Эстонийг холбосон холбооны кабелийн гэмтэл нь нөгөө хоёр шугамын гэмтэлтэй ойролцоо цаг хугацаанд болсон гэж Шведийн эрх баригичд өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.


Шведийн Иргэний хамгаалалтын сайд Карл-Оскар Бохлин мэдэгдэхдээ "кабелийн шугам гадны хүчин зүйлээс шалтгаалан гэмтсэн нь батлагдсан. Финланд-Эстонийг холбосон хийн хоолой, холбооны кабельд гарсан гэмтэл нь Швед-Эстонийн харилцаа холбооны кабелийн гэмтэлтэй холбоотой гэж Эстони улс үзсэн” гэжээ. Гэхдээ энэ хоёр үйл явдал ямар холбоотой болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Финланд-Эстонийг холбосон шугамд гарсан гэмтэл нь хүний үйлдлээс болсон гэдгийг тогтоосон ч дүгнэлт хийхэд эрт байна гэж Эстонийн эрх баригчид мэдэгджээ. "Хэрвээ Швед-Эстонийн харилцаа холбооны кабель нь хүний санаатай үйлдлээс болж гэмтсэн гэдгийг тогтоовол бид одоо явуулж буй эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлнэ" гэж Эстонийн улсын прокурор Трину Олев мэдэгджээ. 


Скандинавын өргөн уудам бүс нутгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдалтай холбоотой эдгээр хэрэг явдлын дараа НАТО-гийн орнууд Балтийн тэнгист эргүүлийн ажиллагааг эрчимжүүлж, усан дорх тэсрэх бөмбөгийг аюулгүй болгодог хөлөг онгоцоо байрлуулж, агаарын орон зайн хяналтыг чангатгасан байна


“Balticconnector” хийн хоолой ба түүний ойролцоох холбооны кабелийн шугамд хохирол учруулсан хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Хятадын “NewNew Polar Bear” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг шалгаж байна гэж Финландын Үндэсний мөрдөн байцаах товчоо (NBI) мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгдэл хийж "бодитой, шударга, мэргэжлийн түвшинд" мөрдөн шалгахыг уриалаад тухайн үед тус бүсэд Хятадын хөлөг онгоц ердийн журмаар тээвэр хийж явсан гэлээ. 


Холбооны кабелийн гэмтлийг шалгаж буй Эстонийн мөрдөн байцаагчид мөн “NewNew Polar Bear” болон Оросын "Севморпут" гэсэн хоёр хөлөг онгоцыг шалгаж байгаа гэж мэдэгджээ. Оросын тал уг осолд холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна.


Балтийн тэнгисийн доогуур Оросоос Герман руу татсан “Умардын урсгал” хийн хоолой өнгөрсөн онд дэлбэрэлтийн улмаас эвдэрсэн бөгөөд үүнийг хэн үйлдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байна.


Холбоотой мэдээ