БАЯНХОНГОР: Бэлтгэл бэлэн байдлыг хангах дадлага сургууль зохион байгууллаа
ФОТО МЭДЭЭБаянхонгор, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын дадлага сургуулилтыг Бөмбөгөр суманд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа барилга байгууламжид гарсан гал түймрийг унтраах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн уялдаа холбоо, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилготой.
Дадлага сургууль нь танхимын сургалт, ослын үеийн удирдлагын систем, штабын дадлага, эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, үүсч болзошгүй гамшгийн төрлөөр цагийн байдал үүсгэж сургалт, дадлагыг цогц үйл ажиллагаа болов.
Мөн үеэр гал түймэр унтраах болон аврах ажиллагааны дадлага, нэрвэгдэгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийжээ.
Дадлага сургуульд сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн 60 ажилтан албан хаагч, 100 иргэн, ажилтан алба хаагч 5 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшиг ослын үеийн салбар дундын харилцан ажиллагааны тактик боловсруулж, бэлтгэл бэлэн байдлыг хангасан байна.
Мөн энэ өдөр Бөмбөгөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшиг осол болон галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгуулан аюулгүй түр цугларах талбайд гаргах дадлага сургуулийг тус тус зохион байгуулжээ.
Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын дадлага сургуулилт нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, удирдлагын шийдвэрийг оновчтой гаргах, сумын Онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцлов.