Дэлхийн жишигт нийцсэн гурван үгт цахим хаягтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо дэлхийн жишигт нийцсэн гурван үгт цахим хаягтай боллоо.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, "Монгол
шуудан" ХК хамтран шинэ дэд бүтэц, аюулгүй байдал, цахим худалдааны шинэ
төслүүдэд "what3words" технологи ашиглахаар тус хороог сонгон авч, 2059 айл өрхийн хашаанд хаягийн
самбар байршуулав. Ингэснээр оршин
суугчийн хаягийг шуудан хүргэгч,
түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын багууд түргэн шуурхай олж
очих боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн, "И-Монгол Академи" УТҮГ нь
"e-Mongolia" аппликэйшнд "e-Kids" хэмээх аюулгүй байдлын
функцийг нэмж, үүнд
"what3words" технологийг суурилуулжээ. Хүүхдүүд байгаа газрынхаа "what3words" буюу 3 үгт
хаягийг эцэг эх, асран хамгаалагчдадаа
нэг товчлуур дарж илгээснээр хаана
байгааг нь мэдэж болно. Харилцаа холбооны "Юнител",
"Мобиком", "Скайтел", "ЖиМобайл",
"ОНДО" компанитай хамтран ажилласнаар "e-Mongolia"
системийн "e-Kids" аппликейшнийг ашиглахад ямар ч дата шаардлагагүй.
ЦХХХ-ны сайд Н.Учрал ярихдаа, “Манайхан гэрийн хаягаа ертөнцийн зүгээр заадаг. Хаягжилтын тухай хууль батлахаар ажлын хэсэг байгуулаад байгаа. Үе үеийн Засгийн газар хаягжилтыг шийдэхийг зорьсоор өдий хүрлээ. Газар нэгж, шуудан гээд бүгд өөр хаяг, бүртгэлтэй. Хаяг тодорхой бишээс үүдэн хүүхдийн аюулгүй байдал, хүний амь нас аврах боломж багасдаг. Харин одоо харьяа байршлынхаа гурван үгийг илгээхэд, Google-тэй холбогдоод хаягаар нь шууд ирэх боломжтой. Технологийн шийдэл ашигласан хэлбэрээр 3 үгт хаягийг бүртгэлжүүлсэн нь түргэн тусламж, онцгой байдлын үйлчилгээ үзүүлэхэд асуудалгүй болж байна. Дэлхийн 60 гаруй орны хэлээр орчуулан, туршсан энэ хаягжилтыг Монголд хэвшүүлж нутагшуулахыг зорьж байгаа” гэв.