Хятадын эдийн засаг: Хүлээлтээс доогуур өсөлт ба “үл хөдлөх”-ийн уналт
ТОЙМУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын эрх баригчид цар тахлын хөл хориог цуцлах шийдвэр гаргасны дараа тус улсын эдийн засаг богино хугацаанд эрчимтэй өснө гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байлаа.
Харин оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг харвал, эхний хагас жилд эдийн засаг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5,5 хувиар өсчээ. Гэтэл Хятадын “Caixin” сэтгүүлийн шинжээчид өсөлтийг 7 хувь, The Wall Street Journal 6,9 хувьтай байна гэж таамаглаж байлаа.
Эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд
тааруухан гарчээ. Жижиглэнгийн худалдааны өсөлт 6 дугаар сард оны дүнгээр 3,1
хувьтай байсан нь 5 дугаар сарынхаас /12,7%/ эрс доошилсон үзүүлэлт юм. II
улиралд ажилгүйдлийн түвшин 5,2 хувьтай байсан бол залуучуудын дундах
ажилгүйдэл 21,3 хувьд хүрчээ.
Эдгээр үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсэн дэлхийн томоохон банкууд өөрсдийн дэвшүүлсэн таамгуудыг өөрчиллөө. Тухайлбал, Хятадын эдийн засаг оны эцэст 5,5 хувийн өсөлттэй гарна гэсэн таамгаа Citigroup 5 хувь болгож бууруулсан бол Morgan Stanley 5,7 хувиас 5 хувь болгожээ. Нэлээд өөдрөг таамаг дэвшүүлж байсан Goldman Sachs банк 6% гэдгээ өөрчилж 5,4% болгож байх жишээтэй. Хятадын ДНБ-ний өсөлтийн талаарх таамаглал зөрсөн шалтгааныг тус банк хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж байна. Үүнд: Хятадын барилгын компаниуд их хэмжээний өрөнд орсны улмаас орон сууцны борлуулалт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбар хямралд автсан, хэрэглэгчид ба бизнес эрхлэгчдийн аль аль нь ирээдүйг өөдрөгөөр харахгүй байгаа, эрх баригчид мөнгөний бодлогоо хангалттай хэмжээнд зөөлрүүлэхгүй байгаа зэргийг дурдсан байна.
Орон сууцны бүүм
Хятадын эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үл хөдлөх
хөрөнгийн салбарт үүссэн хямрал юм. Тус улсын ДНБ-ний 30 орчим хувийг
бүрдүүлдэг уг салбар 2020 оноос хойш хямралын байдалд байна.
1978 онд Хятадын эдийн засаг нээлттэй болсноос хойш тус улсад гадаад хөрөнгө оруулалт цутган орж ирснээр “дэлхийн фабрик” болж хувирав. Ард түмний аж амьдрал эрс сайжирлаа. Өнгөрсөн 45 жилийн хугацаанд хотжилт асар хурдацтай явагдаж, хотын хүн амын эзлэх хувь 1980 онд 19 хувь байснаа 2022 он гэхэд 64 хувьд хүрч өсчээ. 1990 онд хүн амын 70 орчим хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай байсан бол өнөөдөр Хятад орон ядуурлаас бүрэн ангижирчээ. Үүнээс үүдэн орон сууцны эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэнээр барилгын салбарын эрчимтэй хөгжлийн үе эхэллээ.
1990-ээд сүүлчээр Хятадын Хөгжлийн банкнаас газраар нь
барьцаалж мужуудад дэд бүтэц байгуулахад зориулж их хэмжээний зээл олгосноор
замууд, ус дамжуулах хоолойнууд, цахилгаан дамжуулах шугамууд олноор баригдах
болов. Ингэснээр газрын үнэ цэн огцом өссөн тул тухайн газрыг барилгын
компаниудад өндөр үнээр зарж байлаа. Үл хөдлөх хөрөнгийн эрэлт өндөр байх үед
энэ нь тун ашигтай бизнес байв.
Энэ үед барилгын компаниуд орон нутгийн эрх баригчдаас газрыг
нь худалдан авч байсан бол мужууд дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд төв засгийн
газраас хөнгөлөлттэй зээл авч байлаа. Ингэснээр барилгын салбарт “бүүм” болж,
Хятадын “Evergrande” компани дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй барилгын компани
болж хувирав.
Хятад айл өрхүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь хадгаламжаа өсгөж үржүүлэх гол арга нь юм. Үндэсний мөнгөн тэмдэгт юанийг гадаадад байршуулах бараг боломжгүй тул хятадуудын ихэнх нь орон сууц худалдан авч, мөнгөө арвижуулах замыг сонголоо. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь хятадуудын хувьд барууны орнууд дахь облигац, хувьцаа эсвэл хөрөнгө оруулалтын санд мөнгөө оруулахтай ижил ойлголт юм.
Айл өрхүүд нийт хадгаламжийнхаа 70 хувийг үл хөдлөх хөрөнгөд
оруулснаар зах зээлд үүссэн үнийн хөөс хагарч бодит хөрсөн дээрээ буулаа.
Үл хөдлөхийн хямралын үндсэн шалтгаан
Зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн J Capital Research
компанийн захирал Энн Стивенсон-Янг бол Хятад
улс 25 жил амьдарч судалгаа хийсэн хүн бөгөөд тэрбээр 2013 онд «China Alone:
The Emergence From and Potential Return to Isolation» гэдэг ном бичиж, үл
хөдлөхийн салбарт хямрал нүүрлэж болзошгүйг анхааруулж байв.
Өнөөдөр дээр дурдсан “Evergrande” компанийн өр 340 тэрбум долларт хүрснээр
дэлхийн том компаниудын дотор өрийн хэмжээгээр хоёрдугаарт бичигдэж байна.
Хямралын бас нэгэн золиос нь мөн үл хөдлөх хөрөнгийн “Country Garden” гэдэг компани
болж, өрөө төлөх чадахгүйд хүрчээ.
Хямралыг даамжруулан өдөөсөн нэг хүчин зүйл бол Коммунист
намын Улс төрийн товчооноос гаргасан “гурван улаан шугам” гэдэг нэртэй шийдвэр гэдгийг
барууны шинжээчид дурддаг. Үл хөдлөхийн
зах зээл дэх дамлах үзэгдлийг хязгаарлахад чиглэсэн энэ бодлого хэрэгжсэнээр барилгын
компаниуд зээл авахад хүндрэлтэй болжээ. Тодорхой хэлбэл, компаниудад өрийн
тодорхой босгыг тогтоож өгсөн бөгөөд уг босгыг давсан тохиолдолд дахин зээл
авах эрхгүй болно гэсэн үг.
Зээл хумигдангуут үл хөдлөхийн девелоперууд орон
сууцнуудыг урьдчилан худалдаж эхлэв. Тэд худалдан авагчдаас тодорхой хэмжээний
урьдчилгаа мөнгө авч, хоёр жилийн дараа барилгын ажил дууссаны дараа орон
сууцандаа орохыг хэрэглэгчдэд санал болголоо.
Орон сууцыг урьдчилан борлуулснаар олж буй ашгийн хэмжээ 90 хувьд хүрч байв. Нэг ёсондоо девелоперууд санхүүгийн пирамид маягийн зүйлийг бий болгожээ. Тодруулж хэлбэл, орон сууцны эхний төслийн мөнгийг үйлчлүүлэгчдээс цуглуулж аваад хоёрдахь төсөлд хөрөнгө оруулалт хийх ба хоёрдахь төслийн орон сууцнуудыг борлуулсны орлогоор эхний төслийн барилгуудыг санхүүжүүлнэ. Үнэ өсөж, зах зээл тэлж байх үед энэ нь тун ашигтай бизнес байлаа.
Гэтэл гэнэт борлуулалт саарч, өр зузаарсан тул ийм “тоглоомыг”
цаашид үргэлжлүүлэх боломжгүй болов. Барилгын компаниуд шинэ объектуудаа барьж
дуусгаж чадахгүйд хүрч, улмаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал дэгдсэн нь
хүмүүсийг шоконд оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээлээ. Барилгын
салбарын “алтан үе” ард хоцорсноор олон мужууд өрөнд баригдаж, дампуурахад
дөхөв. MarcoPolo дүн шинжилгээний
агентлагийн тооцоолсноор, мужуудын нийт өр 23 их наяд долларт хүрсэн нь ДНБ-ий
126 хувьтай тэнцэж байна.
Эл байдлаас гарах нэг арга бол үл хөдлөх хөрөнгөд татвар
ногдуулах явдал гэдгийг Ноттингемийн их сургуулийн профессор Стивен Морган онцолж
байна. Хэдийгээр сүүлийн 20 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулах
гэж оролдсоор ирсэн боловч амжилтанд хүрээгүй бөгөөд энэ нь улс төрийн
тогтвортой байдлыг хөндөх эмзэг асуудал тул тэгсхийгээд орхижээ.
Хятадад өнөөдрийг хүртэл “саарал эдийн засаг” хөгжсөөр байгаа
бөгөөд хотын хүн амын 60 орчим хувь нь үүнд хамрагддаг. Нийт татварын орлогын
ердөө 6-хан хувийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг. Харьцуулахад, Эдийн
засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/гишүүн орнуудад уг
үзүүлэлт 24 хувьд хүрдэг байна.
Нөгөөтэйгүүр, Хятадын бүс нутгуудын хувьд санхүүгийн бие
даасан байдал гэх ойлголт үгүй бөгөөд татвар ногдуулж, бие даан төсвөө
бүрдүүлэх эрх мэдэлгүй. Татварын асуудлыг зөвхөн төв засгийн газар шийддэгийн
сацуу өртөг өндөртэй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийг орон нутагт
даалгадаг байна. Эл тохиолдолд газраа зарах нь цорын ганц арга зам бөгөөд ийм
аргаар цуглуулсан мөнгө орон нутгийн төсвийн орлогын үндсэн эх үүсвэр /37 хувь/
болдог байна.
Цар тахлын нөлөө ба хэрэглээ
Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан нь цар тахлын хөл
хориотой холбоотой гэж олон хүн дүгнэж байгаа нь өрөөсгөл ойлголт ажээ.
Э.Янгийн үзэж байгаагаар, Хятадад институцийн шинжтэй олон асуудал үүссэн боловч
эдийн засаг тасралтгүй өссөөр байгаа тул бүтцийн шинжтэй тухайн асуудлуудыг
төдийлөн хайхрахгүй байна.
Гэсэн хэдий ч цар тахлын үр дагавар нь асуудал ужгирахад
нөлөөлсөн гэдгийг үгүйсгэж болохгүй. АНУ, Канадтай харьцуулахад Хятадын засгийн
газар иргэддээ тийм ч ихээр татаас дэмжлэг үзүүлээгүй. Иймээс хямралаас гарах
үед хятадуудын дансанд төдийлэн их мөнгө байгаагүйн зэрэгцээ эдийн засаг нөхцөл
байдал тодорхойгүй буй үед иргэд мөнгөө элдэв хэрэглээнд зарцуулахыг хүсэхгүй. Үүнээс
үүдэн дотоодын хэрэглээ удаан сэргэж байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж
буй шалтгаануудын нэг ажээ.
Ковидын өмнө дотоодын хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийн гол
хөшүүрэг болж байсан бол одоо иргэд хэрэглээгээ өсгөх сонирхолгүй байна. Сүүлийн
нэг жишээг дурдахад, 10 дугаар сарын 6 хүртэл үргэлжилсэн дотоодын аяллын “Алтан
долоо хоног”-ийн үеэр 896 сая хүн аялна гэж тооцоолж байсан бол энэ тоо 826 сая
болж хүлээлтэнд хүрсэнгүй.
Профессор С.Морганы үзэж байгаагаар, одоо эдийн засгийн
өсөлтийг дэмжихийн тулд дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулж буй
хөрөнгө оруулалтыг багасгаж, айл өрхүүдийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь
хамгийн оновчтой алхам ажээ.
Хүлээлтээс давсан III улирлын өсөлт
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, залуучуудын
ажилгүйдэл, хувийн хэвшлийнхний итгэл муутай байдал, дэлхийн эдийн засгийн
өсөлт удаашралтай байгаа, АНУ, Австрали зэрэг барууны улсуудтай харилцаа муудсаны
улмаас гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан зэрэг олон асуудал тулгарч байгаа
хэдий ч Хятадын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд төсөөлж байснаас илүү
хурдацтай өслөө.
Цахилгаан автомашины үйлдвэрлэл, нарны ба салхины эрчим хүч гэх мэт хөгжлийн ирээдүйг тодорхойлогч салбаруудад Хятад улс дэлхийд тэргүүлж байна. Хэдийгээр төрөлт буурч, хүн амд эзлэх ахмад настны хувь нэмэгдэж байгаа боловч чинээлэг дундаж давхарга эрчимтэй тэлснээр дотоодын хэрэглээ цаашдаа удаан хугацаанд өсөх хандлага бий болжээ.
Сүүлийн үеийн мэдээллүүдийг харвал, бизнесийн идэвхжилтийн
гол хоёр үзүүлэлт болох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл ба жижиглэн
худалдааны хэмжээ 8 дугаар сард 4,5 ба 4,6 хувиар тус тус өссөн байна.
ХКН-ын удирдлага зээл олголтыг либералчлах /ялангуяа үл
хөдлөх хөрөнгийн салбарт/ арга хэмжээ авсан нь дээрх өсөлтөд нөлөөлсөн гэж
эдийн засагчид үзэж байна.
Эдийн засаг тэлэхийн хэрээр урьдынхтай адил өндөр хувиар өсөх
боломж хязгаарлагдмал болох бөгөөд учир нь, өндөр цалин хөлс нэхдэггүй доод
шатны мэргэжлийн ажилчдын нөөц багасдаг. Эл үзэгдлийг англиар middle-income trap буюу “дундаж орлогын урхи”
гэж нэрлэдэг ажээ. Богино хугацаанд эдийн дундаж орлоготой улсуудын жагсаалтад
багтсан боловч цаашдаа инновац, институцийн шинэчлэл хийхгүйгээр өсөлтийн
хурдыг урьдын түвшинд хадгалах боломжгүй болсон орнуудын тоонд Хятад, Орос,
Мексик, ӨАБНУ зэрэг улсыг оруулж байна.
Хятадын эдийн засаг үндсэндээ хөгжингүй орны түвшинд хүрсэн
тул цаашдаа өмнөх шиг 10-аас давсан хувиар жил бүр өсөх магадлал бага.
Эрчим хүч, түүхий эд импортлогч хамгийн том улс болох Хятадын эдийн
засгийн өсөлт саарах нь түүхий эд нийлүүлэгч улсуудад эн түрүүнд сөргөөр нөлөөлнө.