ДУНДГОВЬ: "Шавь" сургалтаар утас ээрэх, дээс томох, ширдэг ширэх, зүү ороох чадваруудыг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-09 15:28:54
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Музей охидуудад монгол ахуй, өв соёлоо өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Шавь” сургалтыг зохион байгуулж байна.


Сургалтад Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн Охидын дугуйлангийн сурагчид хамрагдаж, зүү ороох, утас ээрэх, дээс томох, олбог ширэх чиглэлээр суралцаж байгаа юм. Сурагчдад Музейн үйлчилгээний ажилтан Д.Хоролсүрэн сургалт хийж, зааж сургаж байна.



Сургалт хийх, өв соёлоо өвлүүлэх, монгол ахуйг хүүхэд, залуучуудад таниулах багшийг бид холоос хайх шаардлагагүй, бидний дунд өв соёлоо тээж яваа олон хүн байдгийн жишээ энэ юм. Д.Хоролсүрэн мал маллаж байгаад 2009 онд аймгийн төвд нүүж ирсэн бөгөөд 2023 оны намраас Музейн ажилтан болжээ.


Түүнээс монгол эмэгтэйн ур ухаанаа гарган урлаж чаддаг бүхий л чадварыг хэзээ, хэрхэн эзэмшсан тухай тодруулахад “Би их, дээд сургууль төгсөөгүй ээ. Анх сургуульд байхдаа аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Гэрийн сайн эзэгтэй” гэдэг сургалтад хамрагдаж, зүү ороох, дээлийн товч зангидах, товч, шилбэ хадахыг заалгаж байлаа. Л.Дэнсмаа дарга тэр үед “Эмэгтэй хүн чинь дээлээ оёод өмсчихдөг, товч шилбээ жимбийтэл хадаж чаддаг байх хэрэгтэй гээд сургаж байсан нь одоо ч бодогддог. Энэ хүнд маш их баярлаж явдаг даа. Би өөрөө юм оёх, нэхэх их дуртай. МСҮТ-ийн оёдлын ангид сурч байсан. Утас ээрэх, дээс томох, ширдэг оёх, хурганы арьс эгнэх зэрэг монгол ахуйтай холбоотой үйл хийхийг ээжээсээ, хадам ээжээсээ л сурсан” гэсэн юм.



“Шавь” сургалтынхаа тухай тэрбээр “Байгууллагын дарга маань надад санал тавьж, би сургалтаа явуулж байна. Энэ сургалтаар утас ээрэх, дээс томох, ширдэг ширэх, зүү ороох чадваруудыг олгож байна. Охидуудын зарим нь тун хичээнгүй суралцаж байгаа. Анх эхэлж байснаа бодвол гар нь эвлэж, дээс томох, утас ээрэхдээ дадаж байна.


Ер нь суралцахад сэтгэл их чухал санагддаг. Хэн хүсч, хичээнэ, тэр хүн маш сайн эзэмшдэг. Би хөдөө байхдаа найз нартаа арьс инчлэх, эгнэж оёхыг заахад зарим нь сэтгэл гаргаж сурдаг, зарим нь тэгдэггүй. “Шавь” сургалт маань энэ сардаа дуусч, дараа нь бид энэ хугацаанд хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, танилцуулна гэж төлөвлөж байгаа.


Өнөөдөр залуучууд их өөр болжээ. Монгол өв соёлоосоо суралцаад өөрсдөө хийе гэхээс илүү “худалдаад авчихья” л гэдэг болж. Энэ нилээн буруу хандлага гэж боддог. Малынхаа үс ноосоор утас ээрч, дээсээ томж, өөрсдөө дээл, хувцсаа оёж, хатгамалаараа чимж өмсдөг байх нь өв соёлоо хадгалж байгаагийн л нэг илрэл. Тиймээс залуучууддаа, охидууддаа ингэж зааж сургах ажлыг байнга зохион байгуулах хэрэгтэй юм байна” гэлээ.


Аймгийн Музейн захирал Б.Баярмаа “Утас ээрэх, дээс томох чинь хүний хоёр тархийг хөгжүүлдэг, гарынхаа өндгөөр мэдэрдэг болохоор цусны эргэлтийг сайжруулдаг. Ер нь монгол ахуй тэр чигээрээ багаас нь хүнийг жигд хөгжүүлдэг байсан. Манай Хоролсүрэн шиг хөрвөх чадвартай ийм ажилтнууд өнөө цагт маш их хэрэгцээтэй” хэмээн тодотгосон юм. 










Холбоотой мэдээ