OpenAI-ийн дуулианы дараа Microsoft-ын хувьцаа огцом өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /VOA/. Nasdaq биржийн даваа гаргийн арилжааны явцад Microsoft компанийн хувьцааны үнэ 2.74 хувиар өсөж 379.99 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Өмнө нь энэ сарын 16-нд 376.35 ам.долларт хүрч өсөж байв.
Microsoft-ын хувьцааны үнэ ийнхүү өсөхөд OpenAI компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан, ChatGPT чатботыг хөгжүүлэгч Сэм Альтманыг тус компанийн дэвшилтэт хиймэл оюун ухааны судалгааны шинэ багийн ахлахаар томилсон тухай мэдээ нөлөөлсөн байна. Энэ тухай Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла мэдэгджээ. С.Альтмантай хамт OpenAI-ийн ерөнхийлөгч асан Грег Брокман болон өөр хэд хэдэн ажилтан шинэ багт ажиллах аж.
Microsoft корпорац нь OpenAI-ийн хамгийн том хөрөнгө оруулагч юм. OpenAI-ийн технологийг ашиглан Microsoft бүтээгдэхүүнүүдээ шинэчилж, гарааны бизнест 13 тэрбум орчим долларын хөрөнгө оруулсан нь Microsoft-ыг 49 орчим хувийн хувьцаа эзэмшигч, компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болгосон гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. OpenAI-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа Microsoft мэдэгдсэн байна.
С.Альтманыг 11 дүгээр сарын 17-ны баасан гарагт OpenAI-ийн захирлуудын зөвлөлийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн юм. Тэд түүнийг "ТУЗ-тэй харилцахдаа үргэлж илэн далангүй ханддаггүй байсан нь үүргээ биелүүлэх боломжийг нь хязгаарлаж байсан" гэж үзжээ. "Удирдах зөвлөл түүний OpenAI-ийг удирдах чадварт итгэхээ больсон" гэж мэдэгдэлд дурдсан байна.
OpenAI-ийн захирлуудын зөвлөл Twitch-ийн гүйцэтгэх захирал асан Эмметт Ширийг түр гүйцэтгэх захирлаар томилсон байна. Э.Шир энэ оны эхээр Amazon-ы эзэмшдэг Twitch сайтын гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорчээ.
С.Альтманыг огцруулах шийдвэр OpenAI болон Microsoft-ын ажилтнуудын хувьд гэнэтийн шийдвэр болсон гэж Business Insider бичжээ. Түүнийг халагдсаны дараа хэд хэдэн ажилтан түүнтэй хамт гэдгээ илэрхийлэн ажлаа өгөхөөр шийджээ. New York Times сонинд бичсэнээр, С.Альтман өөрийн доорх албан тушаалтнуудын дунд маш нэр хүндтэй байсан бөгөөд тэдний ихэнхийг өөрөө биечлэн ажилд авсан бол түүнийг халсан явдлыг зарим ажилтан нь "хяналтаа тогтоохын тулд эрх мэдлийг хүчээр авсан" гэж хүлээж авсан байна.