Уур амьсгалын өөрчлөлтийг идэвхжүүлж буй ил болон далд хүчин зүйлсийг бууруулах шаардлагатайг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум “Гамшгийн эрсдэл ба бэлэн байдал” сэдвийн хүрээнд болж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр танилцуулсан “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдэвт илтгэлдээ “Хүн төрөлхтөн хөгжлийн явцдаа байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон эрсдэл, бэрхшээл, сорилтыг даван туулсаар ирсэн. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжил, техник технологийн хувьсал нь бидний өнөөдрийн ажлын хурд, бэлэн байдлын чадавхаас илүү хурдан байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээв. Тэрбээр эрсдэл гэж юу вэ, гамшгийн эрсдэлүүд байна вэ, эрсдэлийг хэрхэн удирдах вэ, түүнийг бий болгож байгаа хүчин зүйл юу вэ, цаашид шинээр эрсдэл үүсэх үү, эрсдэлийг тэсвэрлэх болон даван туулах ямар арга зам байна вэ гэх зэрэг ойлголтод тулгуурлаж илтгэлээ тавьсан юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд болон Монгол оронд тохиолдож байгаагүй хамгийн халуун өдрүүд, түүнээс улбаатай хэт халалт, хүчтэй аадар, газар хөдлөлт, мөсөн гол хайлах зэрэг гамшигт үзэгдэл ойр ойрхон давтамжтайгаар үзэгдэх болсон байна. Тухайлбал, өнгөрөгч зун 18 аймгийн 57 сум, нийслэлийн хэмжээнд үерийн нийт 107 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Энэ оны байдлаар үерт өртөж 16, аянганд цохиулж 4, нийт 20 иргэн, үүнээс 4 хүүхэд амь насаа алдсан нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Энэ зун Улаанбаатар хотод буусан үер нь хамгийн их хохирол дагуулсан буюу 30.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Сүүлийн үед зайлшгүй ярих сэдвийн нэг бол мөсөн гол хайлах, улмаар түүнээс үүдэлтэй гамшгийн эрсдэл юм. Монгол Улсын хувьд 1940 оноос хойш Алтай уулын мөсөн голын талбай 30-60 хувиар хумигджээ. Баруун бүсийн Алтайн уулт хэсгээр мөстлөгийн гаралтай нуурын задрал, үер усны аюул, цасан нуранги зэрэг гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Монгол Алтайн мөсөн голууд энэ эрчмээрээ хайвал жижиг хэмжээний мөсөн голууд 2050 он гэхэд, томоохон талбайтай мөсөн голууд 2100 он гэхэд бүрэн хайлж дуусах таамаглалыг судлаачид гаргасан гэж хошууч генерал Г.Ариунбуян илтгэлдээ дурдлаа.
Дэлхийн улс орнуудад учирч болзошгүй эрсдэл, түүний үзүүлэх хохирлын нөлөөлөлд суурилан эрэмбэлсэн үнэлгээгээр Байгалийн болон ус, цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл нь эхний байруудад бичигдэж байгаа аж. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв "Уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд" илтгэлээ танилцуулах үеэрээ байгаль, цаг уурын нөлөөнөөс үүдэлтэй гамшгийн 50 хувийг эрт зарлаж, урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа хэллээ. Түүнчлэн 2050 он гэхэд Монгол оронд зудын эрсдэл 6 дахин нэмэгдэх хандлагатай байна гэв. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар Монгол орны хувьд ган, зудын эрсдэл хамгийн өндөр бөгөөд 2000 оноос гандуу нөхцөл байдал эрчимжсэн. Түүнээс улбаатай зуд болох эрсдэл буурахгүй байна” гэсэн юм.
Хошууч генерал Г.Ариунбуян мэргэжлийн хүний хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр манай улс ямар ажлуудыг шат дараатай юу хийж болох тухайд илтгэлдээ багтаасан байв. Тэрбээр гамшгийн эрсдэлийн тухай ойлголтыг бага наснаас нь олгох, судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэх, эрсдэлийн мэдээлэлд суурилсан төлөвлөлтийг хийх, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, ядуурал, стандарт мөрдөөгүй төлөвлөлт, хотжилт зэрэг далд хүчин зүйлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж, гамшгаас улбаатай бий болох эдийн засгийн болзошгүй хохирлыг бууруулах ажлыг төлөвлөлтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.
Тус форум өнөөдөр үдээс хойш "Гамшгийн бэлэн байдал" сэдвээр үргэлжилнэ.