ДУНДГОВЬ: Өвөл цагийн үзвэрийн нээлт "Аниртай үдэш" тоглолтоо өргөн барив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай алдарт уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр үзэгчдэд Өвөл цагийн үзвэрийн нээлт “Аниртай үдэш” тоглолтоо өргөн барьлаа.
Өвөл цагийн 81 дэх жилийн нээлтийн тоглолтыг Монгол Улсын
соёлын яамнаас хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус
тоглолтод Анир поп оркестр, Монгол циркус энтэртайнмэнт төв хамтран оролцож, Дундговь
аймгийн үзэгчдэд тоглолтоо толилуулсан нь онцлог байв.
1942 онд тус аймагт арван ханатай том “Улаан гэр”-ийг
барьж соёл урлагийн үйлчилгээг эхлүүлж байсан тус байгууллага 1950 онд Клуб,
1958 онд Соёлын ордон, 1989 онд Хөгжимт драмын театр, 1998 онд Театр киноны
хүрээлэн, 2006 онд Төв халхын дуулалт жүжгийн театр болон өргөжиж, уран бүтээлээ туурвиж байна.
Төв халхын дуулалт жүжгийн театр монголын үндэсний
урлагийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлж, “Дуу хуур-Өв соёлын өлгий” нутгийн
онцлог, түүх, өв соёл, ёс заншлыг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн
болон монголын шилдэг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд туурвих эрхэм
зорилготой бөгөөд жилдээ 2-3 шинэ уран бүтээл, 1-2 жүжиг, 5-6 уран бүтээлийг
шинэчлэн тавьж, жилд дунджаар 40-50 мянга үзэгчдэд соёл урлагийн үйлчилгээг
хүргэдэг аж.
Тус театр өвөл цагийн нээлтийн энэ удаагийн тоглолтынхоо бүх уран бүтээлийн 90 хувийг шинээр найруулж тавьсан бөгөөд Анир поп оркестрын амьд хөгжимтэй хослуулан тоглосон нь шинэлэг байсан төдийгүй, үзэгчдийн сэтгэлд хүрч чаджээ.