БАЯНХОНГОР: 16 настнууд Иргэний андгай өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын холбоо, Ахмадын хороотой хамтран Улс тунхагласны баярын өдөр зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн 16 настнуудын төлөөлөл 32 сурагч энэ өдөр Иргэний андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэхээ батламжийн хамт гардан авсан юм.
16 нас хүрч буй өсвөр үеийн залуусыг Иргэний андгай өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг байна.
Мөн үеэр Ахмад багш, амьтан судлаач Ч.Бямбаагийн амьдрал замналын талаарх алдрын сонсголыг зохион байгуулсан бол Ахмад багш Д.Долгорсүрэн эх орон тусгаар тогтнол, иргэний эрх үүргийн талаар лекцийг сурагчдад толилуулсан юм. Ч.Бямбаа Баянхонгор аймгийн гурван сургуульд багшилж, Зоонозын өвчин судлалын төвд ажиллан ухамсарт амьдралаа судалгаа шинжилгээ, эрдэм мэдлэгийг түгээхэд зориулсан байна.