Оросын 15 бүс нутагт хүчтэй шуурга шуурахыг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-11-28 15:04:16

МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /TASS/. Энэ долоо хоногт Оросын 15 бүс нутагт цаг агаар муудаж, салхи секундэд 30 метр хүртэл ширүүсэж, 25 мм хүртэлх хэмжээний хур тунадас орохыг анхаарууллаа. 


Цаг агаарын урдьчилсан мэдээг ОХУ-ын Онцгой байдлын яамны иргэний хамгаалалт, онцгой байдлын асуудал хариуцсан судалгааны хүрээлэнгээс танилцуулжээ.


Цаг агаарын байдлаас шалтгаалан зам харилцаа хязгаарлагдаж, эрчим хүчний хангамж тасалдаж болзошгүйг мөн анхааруулсан байна. 


Тодруулбал, Камчаткийн хязгаар, Чукоткийн өөртөө засах тойрог, Магадан муж, их Курилын нурууны хойд хэсгийн бүлэг арал, Красноярскийн хязгаарын хойд хэсэг, Челябинск муж, түүнчлэн Европын хэсэг болох Краснодар, Ставрополийн хязгаар, Адыгеа, Умард Осет (Алани) ба Крым, Ростов, Ленинград, Новгород, Псков мужуудад цаг агаар эрс муудах төлөвтэй байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын өмнөд бүс нутгууд болон Украины зүүн хэсгийг хүчтэй шуурга дайрч, Орост нэгтгэсэн Крымийн хагас сая оршин суугч гэрэл цахилгаангүй болсон юм.




Холбоотой мэдээ