ДУНДГОВЬ: Алимын төрөлжсөн талбай байгуулах төсөлд 210,0 сая төгрөгийн зээл олгохыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-30 14:51:24
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо хуралдаж, “Арвин их сан” ХХК-ийн “Мандалговийн алим-Арвин их сан” төслийг хэлэлцэн дэмжихээр шийдвэрлэжээ.  


Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр Дундговь аймагт жимс, жимсгэний төрөлжсөн талбай байгуулах, Улаанбаатар хотоос шилжин ирсэн өрхөд бизнес эрхлэх зориулалтаар 50,0 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болж, төслийн уралдаан зарласан. Энэ чиглэлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Арвин их сан” ХХК хоёр га талбайд алимын мод тарьж ургуулах 210,0 сая төгрөгийн зээл хүсч, журмын дагуу 4 шатны үнэлгээгээр шалгаруулалтад тэнцжээ.


2023 онд ЖДҮХС-аас Дундговь аймагт хэдэн төгрөгийн зээл олгосон тухай аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Мөнхбаяраас тодруулахад “Аймгийн ХХААГ-аас “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулах зарыг нээлттэй явуулж, 2023 онд төслийн шалгаруулалтад 19 төсөл ирснээс 4 шатны  шалгаруулалтаар нийт 11 төсөл тэнцсэн. Дээрх төслүүдэд ЖДҮХС-аас 1 199 400 000 төгрөгийн зээл олгоод байна” гэлээ.


“Арвин их сан” ХХК-ийн захирал П.Очирбатых 2019 оноос гэр бүлээрээ алимын мод суулгаж, 2022 оноос 100-130 гаруй кг алим хураан авсан туршлагатай. Төслийн хүрээнд тус компани хоёр га талбайг хашаажуулж, салхины хаалт хийж, 1000 ширхэг алимын мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байна. 





Холбоотой мэдээ