ЗАВХАН: Улиастай сумын багуудад угийн бичиг хөтлөх аяныг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-30 16:25:11

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Тус аймгийн төвийн зургаан багт угийн бичиг хөтлөхийн ач тусыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.


Энэхүү санаачилгыг Улиастай сумын Товцог баг эхлүүлж иргэдэдээ угийн бичиг хөтлөх аяныг зохион байгуулж, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, иргэдийг арга зүйгээр хангах сургалтыг өгч байна.

Өнөөдрийн байдлаар нийт таван удаагийн сургалтад 120 гаруй насанд хүрэгч, хүүхдүүд оролцож угийн бичгээ хөтлөх дадалтай болжээ.


Ташрамд, Завхан аймаг угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг энэ жилээс эрчимтэй хийж байгаа аж.


Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл байжээ. Ахан дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг юм.


Монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган ирсэн.

Энэ нь ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх. Удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрд заавал хөтөлдөг нэгэн түүхэн судар болсон.


Тиймээс Завхан аймаг угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх, аймгийн хэмжээний сургагч багшийг бэлтгэх. Угийн бичиг хөтөлдөг айл өрхийн суурь судалгааг шинэчлэх зорилго бүхий олон талын ажлыг явуулжээ.


Тодруулбал угийн бичиг хөтлөх арга зүй нэртэй сургагч багш бэлтгэх сургалтыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулж 24 сумын 100 гаруй хүн оролцож сургагч багшаар бэлтгэгдсэн байна.


Өөрөөр хэлбэл аймгийн 24 сумын сургагч багшаар бэлтгэгдсэн эдгээр иргэд орон нутагтаа иргэдэд угийн бичгийн талаар таниулах, заах сургах үйл ажиллагааг хийж буй юм гэж ахмад багш, угийн бичгийн сургагч багш Ч.Янжинхүү хэллээ. 

Холбоотой мэдээ