Э.Блинкен Израилын Ерөнхий сайдтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-01 11:13:24

ТЕЛЬ-АВИВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /VoA/. Пүрэв гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзах үеэрээ Газын зурвасын өмнөд хэсэгт Израилын цэргийн ажиллагааны явцад энгийн иргэд олноороо хохирч, дүрвэж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэж мэдэгдлээ.


Израилын өндөр албан тушаалтнуудтай хийсэн цуврал уулзалтын дараа Тель-Авив хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Э.Блинкен хэлэхдээ "энгийн иргэдэд учирч буй хохирлыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах талаар тодорхой алхмууд хийхийг Израилын талд зөвлөсөн" гэсэн боловч эдгээр алхмыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа эсэхээ хэлээгүй байна.


"Бид одоогийн төлөвлөгөөний талаар нарийвчлан ярилцсан... мөн Газын хойд хэсэгт энгийн иргэд асар олноороо хохирсон, дүрвэсэн явдал өмнөд хэсэгт давтагдах ёсгүй гэдгийг би онцлон тэмдэглэсэн” гэж тэрбээр хэллээ. 


Газын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, Израилын бөмбөгдөлтийн улмаас Палестины зэвсэгт дайчдын хяналтад байдаг Газын зурваст 15 000 гаруй хүн амиа алджээ.


"Энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь чухал гэдгийг Израилын эрх баригчид ойлгож байгаа, үүнийг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд тэд үргэлжлүүлэн ажиллах болно. Хүсэл эрмэлзэл чухал боловч үр дүн бас чухал гэдгийг Ерөнхий сайдад би хэлсэн" гэж Э.Блинкен мэдэгджээ. 


Ж.Байдены засаг захиргаан дахь эх сурвалж лхагва гарагт хэлэхдээ "Вашингтоны зүгээс Израилд хандан байлдааны ажиллагааны бүсийг хязгаарлаж, Палестины энгийн иргэд Газын зурвасын өмнөд хэсэгт хаана хоргодож болохыг зааж өгөхийг уриалсан" гэжээ.


Э.Блинкений хэлснээр, тэрбээр энгийн иргэд амиа алдаж байгаа явдлыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахын тулд тэднийг хамгаалах төлөвлөгөө боловсруулахыг Израилын эрх баригчдад уриалжээ.


Б.Нетаньяхугийн ажлын албанаас уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд, Ерөнхий сайд ХАМАС бүлэглэлийг устгах Израилын амлалтыг дахин нотолсон гэж дурдсан байна.


Израил, ХАМАС-ын хооронд байгуулсан долоон өдрийн хугацаанд гал зогсоох хэлэлцээр үр дүнгээ өгсөн бөгөөд АНУ эл тохиролцоо үргэлжилнэ хэмээн найдаж байна гэж Э.Блинкен өмнө нь мэдэгдэж байв. 


"Бидний эн тэргүүний зорилт бол Газын зурвасаас илүү олон  тооны барьцааны хүмүүсийг суллаж, илүү их тусламж үзүүлэхийн тулд гал зогсоох тохиролцоог сунгахад түншүүдтэйгээ хамтран ажиллах явдал юм" гэж Э.Блинкен дурджээ.


Аравдугаар сарын 7-нд 1200 хүний аминд хүрч, 240 хүнийг барьцаалсан ХАМАС бүлэглэлийн халдлагын дараа Ойрхи Дорнодод гурав дахь удаагаа айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Иордан голын Баруун эргийн Рамалла хотод Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзжээ.


Дайны дараа Газын зурвасыг палестинчууд удирдах ёстой гэж АНУ-ын эрх баригчид нэг бус удаа мэдэгдсэн юм. Э.Блинкен хэлэхдээ, Палестины эрх мэдлийг сэргээснээр Газын зурвасыг ч, Баруун эргийг ч удирдах боломжтой гэжээ. Харин Б.Нетаньяху ийм боломжийг эрс үгүйсгэж байгаа юм. 


Э.Блинкен Аббастай уулзах үеэрээ, Палестины ард түмний сайн сайхны тусын тулд засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар ярилцжээ. 


"Бүтцийн өөрчлөлт гэдэгт авлигатай илүү үр дүнтэй тэмцэх, иргэний нийгмийн оролцоог хангах, бэхжүүлэх, чөлөөт хэвлэлийг дэмжих зэрэг олон зүйл багтана" гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга онцолсон байна. 



Холбоотой мэдээ