Финланд-Оросын хилийн гэрээг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-01 14:17:56

ХЕЛЬСИНКИ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /VoA/. ОХУ-тай 2012 онд байгуулсан хил орчмын хамтын ажиллагааны гэрээг Финландын Засгийн газар пүрэв гаргийн хуралдаанаараа цуцаллаа.


Хамтын ажиллагааг зогсоох саналыг Оросын тал гаргасан бөгөөд холбогдох мэдэгдлийг 10 дугаар сарын сүүлчээр Финландын Гадаад хэргийн яаманд хүргүүлжээ.


Хил орчмын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжих хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 24-нд дуусгавар болно гэж Финландын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Сүүлийн 12 жилийн турш хэрэгжсэн гэрээний хүрээнд хоёр тал хилийн бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байв. 


Тухайлбал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хилийн шалган нэвтрүүлэх боомт байгуулах зэргээр зорчигч, ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн ой хээрийн түймэр, онцгой байдлын үед харилцан туслах, байгалийн гамшиг, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй ослоос сэрэмжлүүлэх талаар тохиролцож байжээ.


Өмнө нь Финландын Ерөнхий сайд Петтери Орпо цагаачдын хувьд тус улс 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Оростой залгаа хилийн бүх боомтоо хааж байгааг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, орогнол хүсэх цагаачдад зөвхөн нисэх онгоцны буудал, далайн боомтууд нээлттэй байх ажээ. Харин бусад иргэдийн хувьд Оросын Мурманск мужаас 240 км-ийн зайтай орших "Райа-Йоосеппи" боомтоор Финланд руу нэвтрэх боломж бий. 


Финланд улс мөн хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд ОХУ-тай хиллэдэг бүс дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад давхар хаалт суурилуулжээ.


Шаардлагатай бол Оростой залгаа хилээ бүрэн хаана гэж Финландын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, 11 дүгээр сар гарснаас хойш ОХУ-тай залгаа хилээр 500 гаруй орогнол хүсэгч нэвтэрсэн байна. Тэдний дунд Сири, Йемен, Ирак, Сомали болон бусад орны иргэд байгаа бөгөөд Оросын хилчид тэдний бичиг баримтыг шалгахгүйгээр нэвтрүүлжээ.




Холбоотой мэдээ