Дэлхийн удирдагчид уур амьсгалын хямралын талаар үг хэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-02 22:21:16

ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 2 /AP/. Дэлхийн улс орнуудын удирдагчид манай гаргийн хэт халалт аюултай болоод байгааг ойлгон ухамсарлаж байгаа гэдгээ илэрхийлж, нөхцөл байдал улам дордохоос сэргийлэх хүчин чармайлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. Одоо хэрэгжүүлэх дараагийн алхам бол уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал эхлэхэд өгсөн тэдний амлалтуудыг ажил хэрэг болгох явдал юм.


Хоёр долоо хоног үргэлжлэх чуулганы эхний хоёр өдөр улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар, хааны гэр бүлийн гишүүд үг хэлж, дэлхийн дулааралд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалт өгч, илүү их хүчин чармайлт гаргахыг хамтран зүтгэгчдээсээ хүслээ.


Харин шүүмжлэгчид, байгаль хамгаалагч идэвхтнүүд, тэр байтугай удирдагчдын зарим нь амлаж хэлсэн үгсийг ажил хэрэг болгох, ойрын өдрүүдэд дипломатчдын уулзалтаар хийх хэлцлүүдийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэлж байна. COP28 бага хуралд дэлхийн 150 орчим шийдвэр гаргагч оролцож байгаа ба АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ удаагийн чуулганд оролцоогүй юм.  


Антарктид, Балбын мөсөн голууд хайлж байгааг нүдээр үзээд ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганы эхэнд үг хэлэхдээ, "дэлхийн амин чухал үзүүлэлтүүд унаж байна" хэмээгээд дэлхийн удирдагчдад хандан, та бүхэн гараг дэлхийгээ сүйрлээс, хэт халалтаас аварч чадна гэж хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тэгш бус байдал, зөрчилдөөний талаар мөн дурдаж, баасан гарагт Израил, ХАМАС бүлэглэлийн хоорондох дайн дахин эхэлснийг тэмдэглэн хэлжээ.


Иорданы хаан Абдуллагийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтийг Газын зурваст болж буй дайнаас салгах нь байж болшгүй гэж мэдэгджээ. Уур амьсгалын аюул нь дайны хор хөнөөлийг улам нэмэгдүүлж байна гэж тэрбээр хэлээд, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг болоод байгаа, дайны хөлд нэрвэгдсэн палестинчуудын талаар хэлэлцэхийг уриалсан байна.


Харин Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто "Уур амьсгалын өөрчлөлт бол энэ цагийн үеийн хамгийн тулгамдсан асуудал” гэдгийг хэлээд, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг гурав дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх зэрэг хурлыг зохион байгуулагчдын дэвшүүлсэн гол зорилгуудыг хэрэгжүүлэх нь чухал болохыг бусад удирдагчдын адил онцлон тэмдэглэлээ.


Эдгээр зорилт нь маргаан дагуулахгүй байгаа хэдий ч олборлодог түлшийг цаашид хэрхэх вэ гэдэг нь чухал асуудал болоод байна.


Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг шүүмжилсээр ирсэн А.Гутерриш COP28-ыг зохион байгуулагч АНЭУ ч мөн багтдаг эл салбарын эсрэг хамгийн хатуу мэдэгдлийг хийж, “бид хэт халж буй гараг ертөнцөө чулуужсан түлшээр аварч чадахгүй” гэсэн юм.


2015 онд Парист тохиролцсончлон дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгод хүрэх цорын ганц арга зам бол газрын тос, нүүрс, хийн хэрэглээг зогсоох явдал юм гэж НҮБ-ын тэргүүн олборлодог түлшнээс хамааралтай улс орнуудад шууд хандан хэлсэн байна. Тэрбээр “Багасгахгүй, бууруулахгүй, харин үе шаттайгаар зогсоо” хэмээн хэлэв.


Бага хурлын ерөнхийлөгч баасан гарагт чулуужсан түлшний хэрэглээг “үе шаттайгаар бууруулах” тухай баримт бичгийг нийтэлсэн бөгөөд шинжээчдийн зүгээс энэ нь үе шаттайгаар зогсоохтой харьцуулахад сул байгааг хэлж байна. Харин Африк, Европ, Карибын тэнгис, Номхон далайн 106 улс орон ийм түлшний хэрэглээг бүрэн зогсоохыг уриалсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Хүн бүр сэтгэл хангалуун байж чадах тохиролцоонд хүрэх эсэх нь хэлэлцээрт оролцож буй 190 гаруй улс орноос хамаарна гэж чуулганыг даргалагч Мажид Аль Сувайди мэдэгдсэн байна.


Энэ нь баян чинээлэг, аж үйлдвэржсэн орнууд болон хөгжиж буй ихэнх орнуудын хоорондох уламжлалт хагарал, мөн амлалт, улс төрийн үйл ажиллагаа зөрдөг явдлыг илтгэн харууллаа.


Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Бид хамтдаа асар их ахиц дэвшил гаргаад байгаа хэдий ч хангалттай түвшинд хүрч чадахгүй байна” хэмээн мэдэгдээд “хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулагч орнууд” амлалтаа биелүүлэх үйл явцаа түргэтгэх ёстой гэж хэлжээ.


Хөгжиж буй орнуудын олон удирдагч нарны эрчим хүч болон бусад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахаа амласны сацуу технологи дамжуулах, уур амьсгалын гамшигт тэсвэртэй байдлыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, "шилдэг туршлага" солилцохыг уриалав.  


Амазоны ширэнгэн ойн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасиу Лула да Силва, манай гараг хэрэгжээгүй уур амьсгалын гэрээнээс залхаж байна, “уран яруу, хоосон яриа” хангалттай гэж мэдэгдсэн байна. Тэрбээр уур амьсгалын асуудлыг үүсгээгүй ядуу буурай орнуудын хувьд “цаг уурын шударга ёс” тогтоохыг уриалж, өнгөрсөн онд 2 их наяд долларыг зэвсэгт зарцуулсныг эсэргүүцэж, энэ мөнгийг өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулах ёстой байсан гэж мэдэгджээ. Түүнчлэн Бразил улс 2030 он гэхэд Амазоны ойн доройтлыг зогсооно гэж мэдэгдсэн байна.


Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио зэрэг олон удирдагч нүүрс рүү чиглэсэн мэдэгдэл хийлээ. Японы удирдагч улс орондоо нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг шинээр барих ажлыг зогсооно гэж мэдэгдэв. Нүүрсний цахилгаан станцуудаа бүрмөсөн зогсоох тодорхой хугацааг тогтоогоогүй гэж Японыг шүүмжилдэг хэдий ч тус улс хүлэмжийн хийг 20 хувиар бууруулах амлалтаа биелүүлсэн бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 46 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм.


Ши ЖиньпинЖ.Байден нар метан хийн ялгарлыг бууруулах чиглэлд ажиллах хоёр талын тохиролцоонд хүрснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа энэхүү бага хурал болж байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Хятадын Шадар сайд Дин Сюэсян нар тэдний оронд чуулганд оролцож байна.


Дэлхийн хамгийн олон хүн амтай, хүлэмжийн хийн ялгарлаараа гуравт бичигддэг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2028 онд уур амьсгалын асуудлаарх бага хурлыг тус оронд зохион байгуулахыг санал болгов. Энэтхэгийн удирдагч мөн улс орон нь ногоон зээлийн хөтөлбөрөөр тэргүүлж, хувь хүмүүс болон корпорацуудад хийн ялгарлаа бууруулахын тулд тусгай цахим хуудаснаас зээл авах боломжийг олгоно гэж мэдэгдлээ.


Удирдагчдын ихэнх нь нүүрс, газрын тос, байгалийн хийг шатааж байгаагаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн үер, шуурга, ган гачиг, хэт халалтад нэрвэгдсэн улс орнуудыг төлөөлж байгаа юмТухайлбал, Палау, Мальдив зэрэг арлын орнууд, мөн саяхан үерийн улмаас олон мянган хүн амь насаа алдсан Пакистан, Ливийн удирдагчид оролцож байна.


Зохион байгуулагч АНЭУ-ын хувьд байгаль орчинд ээлтэй технологид зориулан 30 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг бий болгох зэргээр байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа харуулахын тулд хөрөнгө мөнгө зарцуулсаар байна. Пүрэв гарагт тус улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохирлыг даван туулахад туслах санд 100 сая доллар амласан бол баасан гарагт бусад зардалд 300 сая доллар амлажээ.

Холбоотой мэдээ