Н.Учрал: Иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан хуулийн орчныг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-04 13:25:46

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцсэн байна.


Тус хуралдаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим сайтын үйл ажиллагааг хязгаарласантай холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ.


Н.Учрал сайд энэ тухайд “Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд домайн нэрийг бүртгэх, ашиглах журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо хараат бус гишүүдийнхээ хүрээнд баталж, ХЗДХЯ-нд бүртгүүлсэнээс хэрэгждэг. Тус журамд үндэслэж, интернэтийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл олгодог. Ингэхдээ хуулийн дагуу үүрэгжүүлдэг юм.


Хэрэв хууль хяналтын байгууллага тухайн хэргийг шалгаж байгаа тохиолдолд прокурор зөвшөөрч, цагдаагийн байгууллага хүсэлт гаргасан бол цахим сүлжээнд хязгаарлалт хийдэг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй гэсэн үг. Зариг.мн сайт нь одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зөвхөн дотоодоос хандах хандалтыг хязгаарласан. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 14 хуульд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан байна гэж МСНЭ-ээс хандсан. Нэгэнт батлагдсан хуулийг төрийн байгууллагууд хэрэгжүүлэх нь тодорхой юм.


Өнгөрсөн өдрүүдэд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчныг илүү тодорхой зохицуулах шаардлага үүсэж байгааг бид харлаа. Тиймээс иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний төлөө хамтдаа ажиллах ёстой. Бид ойрын хугацаанд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаж, иргэний үгээ хэлэх эрх чөлөөг баталгаажуулах болно” гэлээ.

Холбоотой мэдээ