ДУНДГОВЬ: 2024 оны аймгийн төсвийг 61,8 тэрбум төгрөгөөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-05 18:17:54
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар тус аймгийн 2024 төсвийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 96,8 хувийн саналаар 61,835,9 сая төгрөгийн төсөв баталлаа.  


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулсан аймгийн Ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн төслийг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван танилцуулсан.


Тус аймгийн Ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн нийт орлого 61,835,9 сая төгрөг, нийт зарлага мөн 61,835,9 сая төгрөг байхаар батлагдлаа. Тодруулбал, төсвийн орлого оны эхний үлдэгдэл 4,484.0 сая, төсвийн орлого 15,066.5 сая, санхүүгийн дэмжлэг 27,040.9 сая, ОНХС-ийн орлогын шилжүүлэг 15,244,5 сая төгрөгөөс бүрдж байгаа бол зарлага аймгийн ОНХС-д 5,051.1 сая, сумдын ОНХС-д 10,193.4 сая, хөрөнгийн зардалд 11,623.6, орон нутгийн урсгал зардалд 34,967.8 сая төгрөг зарцуулахаар болжээ.


2024 онд Монгол Улсын Төсвийн тухай хуульд төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувь, нийтлэг төрийн үйлчилгээнээс бусад төрийн албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Мөн төсөвт орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн суманд үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төвд ажиллаж буй төрийн албан хаагчдад үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохоор тусгасан байна.


Аймгийн засаг дарга, харьяа агентлаг, албадын төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 40 хүртэл хувиар, суманд ажиллаж буй Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 40 хувиар олгох ажээ.


Төрийн албаны тухай хуульд заасны дагуу суманд тогтвор суурьшилтай ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заасны дагуу шаардагдах зардалд 48 албан хаагчид 399,9 сая төгрөг олгохоор тооцжээ.  


Дундговь аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд нийт 158 төсөл, арга хэмжээг 84,1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эх үүсвэрээр нь авч үзвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 49,9 тэрбум, хөрөнгө оруулалтаас бусад улсын төсвөөс 8,7 тэрбум, орон нутгийн төсвөөс 12,5 тэрбум, бусад буюу гадаадын зээл тусламж, хувийн хэвшлийн санхүүжилтээр 12,9 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар баталлаа.


Дээрх төслүүдийг салбараар нь авч үзвэл боловсрол, спортын үйл ажиллагаанд 35 хувь, зам тээврийн салбарт 16 хувь, соёлын салбарт 12 хувь, эрүүл мэндийн салбарт 7 хувь, нутгийн удирдлагын чиглэлээр 7 хувь, ХХАА-н салбарт 7 хувь, барилга, хот байгуулалтын салбарт 6 хувь, эрчим хүчний салбарт 4 хувь, БОАЖ-ын салбарт 3 хувь, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, бусад салбарт 3 хувийг зарцуулах ажээ. 

Холбоотой мэдээ