ДУНДГОВЬ: А.Сайханбилэг, Э.Аялгуу нар Олон улсын тэмцээнээс "Аваргын цом"-той ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-08 16:09:02
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. 2023 оны 12 дугаар сарын 3-нд Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо зохион байгуулсан Цээж тоолол соробаны аварга шалгаруулах Олон улсын тэмцээнд Дундговь аймгийн А.Сайханбилэг, Э.Аялгуу нар амжилттай оролцон “Аваргын цом” авчээ.


Тодруулбал, “Тояа” Хүүхэд хөгжлийн академийн суралцагч, Сайнцагаан сумын Цэгцбилиг сургуулийн 6а ангийн сурагч Алтаншагай овогтой Сайханбилэг 31 орны 2250 хүхэдтэй өрсөлдөж, “D” ангилалд “Аваргын цом”, мөн сургуулийн 6б ангийн сурагч Энхбаяр овогтой Аялгуу “Н” ангилал буюу гүнзгий түвшинд оролцож, хошой “Алтан цом” авсан байна.

 

А.Сайханбилэг, Э.Аялгуу нар “Тояа“ Хүүхэд хөгжлийн академийн Дундговь салбарын сургалтын төвд суралцдаг. ‘’Соробан-Баруун тархи хөгжүүлэх’’ сургалтын төв Дундговь аймагт 2016 оны 6 дугаар сард нээгдэж, 7 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. ‘’Соробан-Баруун тархи хөгжүүлэх’’ сургалтын төвийн Дундговь салбарын менежер, сампингийн багш Бадамхандаас үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.


Тэрбээр “Манай сургалтын төв 2016 онд 2 багш 15 хүүхэдтэй үүд хаалгаа нээж байсан бол жил ирэх тусам суралцагч хүүхдүүдийн тоо нэмэгдэж, улам өргөжин одоогийн байдлаар сампингийн 2 багш, баруун тархи хөгжүүлэх хичээлийн 2 багштай үйл ажиллагаагаа явуулж, аймгийнхаа хүүхэд багачуудад оюуны спортоор хичээллэх боломжийг бий болгож байна.  


Энэ хугацаанд Япон сампин-Баруун тархи хөгжүүлэх сургалтад маань давхардсан тоогоор 1200 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд бид жил бүрийн намар болон хавар 21 аймаг, 9 дүүргийн соробан суралцагч хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг Улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож, Сампин болон Ой тогтоолтын төрөлд улсдаа 36 алт, 27 мөнгө, 29 хүрэл медаль, цом хүртсэн байна. 


2017 оноос эхлэн Олон улсын тэмцээний эрхийг 39 хүүхэд авсан. Малайз, Камбожи, АНУ-д зохион байгуулсан “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”, мөн АНУ-ын сампингийн холбооноос зохион байгуулдаг ‘’UAAA GLOBAL CUP’’ Олон улсын тэмцээнд биечлэн болон онлайнаар хамрагдаж, давхардсан тоогоор 17 хүүхэд оролцон 2 хүүхэд Дэлхийн аваргын “Аварга цом”, 10 хүүхэд “Алтан цом”, 3 суралцагч “Мөнгөн цом”, 2 хүүхэд “Хүрэл цом” авч, Дундговь аймгийн болон Улсынхаа нэрийг гаргаж, жил бүр амжилтаа ахиулан оролцсоор байна.


Өнгөрсөн 11 дүгээр сарын 28-нд болсон “TOYA CUP” тэмцээнээс 5 суралцагч 2025 оны 1 дүгээр сард АНУ-д зохион байгуулагдах ‘’UAAA GLOBAL CUP-2025’’ Олон Улсын Сампин, цээж тооллын тэмцээнд оролцох эрхээ авч, бэлтгэлдээ орсон” гэлээ.


Тэмцээнд оролцогч хүүхдүүдийнхээ сэтгэгдлийг хүргэе.

Тэмцээний оролцогч А.Сайханбилэг: Би Цэгц билиг сургуулийн 6а ангид сурдаг. Сая Малайз Улсад Сампингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн.



Яг тэмцээн эхлэх гээд сууж байхдаа хэлийг нь ойлгохгүй байсан. Сандарсандаа харандаагаа доошоо унагаад авах гээд тонгойсон чинь “ready” гээд хэлэнгүүт харандаагаа аваад шууд бодсон. Үржих дээрээ их сандарсан нэмэх, хасах үйлдэл дээрээ сандраагүй. 8 минутын хугацаанд 200 бодлогоо бүгдийг нь бодож дуусгасан.


Тэмцээний дүн маргааш нь гарах хүртэл догдлоод л хүлээгээд байсан. Цомоо авчихаад багш нартаа болон аав, ээждээ хурдан үзүүлэх юмсан гээд их яарсан. Энэ удаагийн тэмцээн миний хувьд дурсамж дүүрэн гоё аялал боллоо. Байгалийн үзэсгэлэнтэй зөндөө олон газар, паркаар аялсан. Намайг дэмжиж урам өгч байсан “Тояа” Хүүхэд хөгжлийн академийн багш нартаа, аав, ээж, гэр бүлийнхэндээ болон амжилт хүсэж байсан бүх хүмүүст маш их баярлалаа.


Оролцогч Э.Аялгуу: Би Цэгц билэг сургуулийн 6б ангид сурдаг. Тояа Хүүхэд хөгжлийн академийн Дундговь салбарын суралцагч. Сампингаар 4 дэх жилдээ хичээллэж байна. 6 настайгаасаа сампингаар хичээллэж эхэлсэн. Салбарынхаа хамгийн өндөр түвшний сурагч.


Сампин 10 түвшинтэй, би одоо 9 дэх түвшиндээ хичээллэж байна. Би тэмцээнд орохдоо өөрийгөө маш их дайчилдаг, тэмцээн дөхөөд ирэх тусам маш сайн байхын тулд хичээдэг. Бэлтгэсэн багш нарынхаа итгэлийг алдахгүй байхыг боддог. Аав, ээжийгээ баярлуулах юмсан гэж бодож хичээдэг. Монгол гэдэг нэрийг сонсох үнэхээр гоё. Монгол хүүхдүүд Олон улсын тэмцээнд бүх л цомыг нь аваад ирдэг, бахархмаар.


Манай Тояа академийн багш нар супер. Дундговь салбарын багш Золзаяа маань хамгийн анх надад сампин заасан. Би бага байхдаа зүүдэндээ багшийгаа тоо хэлж байгаагаар сонсдог байсан. Бадамханд багш маань Дундговь салбарынхаа төлөө маш сайн ажиллаж бүгдийг хийдэг, сайхан сэтгэлтэй, итгэлтэй багш маань.


Багш нар маань сайн заадаг болохоор би амжилтад хүрдэг. Олон улсын тэмцээнд явахдаа 21 аймгийн хүүхдүүд бүгд Тояа академи дээрээ очиж бэлтгэлээ хийдэг. Баярмаа, Түмэн-Өлзий, Даваацэнд багш нараараа хичээл заалгадаг. Тэд бүгд маш сайхан сэтгэлтэй, хүүхэд бүрийг амжилтад хүргэх гэж хамаг хүчээ дайчилдаг. Заримдаа багш нарынхаа тэвчээрийг бардагтаа уучлал гуйж байна.


Манай багш нар “хичээсэн хүн амжилтад хүрнэ” гэж захидаг. Бид Олон улсын тэмцээнд орох эрхээ аваад маш олон орны хүүхдүүд оролцсон Дэлхийн аваргын тэмцээнд оролцож, бас маш гоё аялал хийдэг нь надад таалагддаг. Гоё газраар, их зүйл үзэж танилцан, дурсамжтай яваад, бас олон найзтай болдог. Би олон найзтай болсон. Тэд бүгд дэлхийн аварга хүүхдүүд. Тояа академийн бүх багш нартаа маш их баярлалаа.

Холбоотой мэдээ