Төрийн далбаанд өөрчлөлт оруулахыг Киргизийн парламент дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-20 17:05:17

БИШКЕК, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /TASS/.  Бүгд Найрамдах Киргиз Улсын төрийн далбааны загварыг хэсэгчлэн өөрчлөх саналыг Киргизийн парламентын гишүүд дэмжлээ. 


Парламентад болсон хоёр ба гурав дахь удаагийн хэлэлцүүлгээр төрийн далбааны загварт өөрчлөлт оруулахыг 59 гишүүн дэмжиж, 5 гишүүн эсэрүүцсэн байна. Өмнө нь уг саналыг тусгасан хуулийн төслийг Киргизийн парламентын байнгын хороо дэмжсэн юм.


Энэ оны намар төрийн далбааны загварыг өөрчлөх санаачилгыг парламентын дарга Нурланбек Шакиев гаргажээ. Уг саналыг Н.Шакиевт тавьсан гэдгээ Ерөнхийлөгч Садыр Жапаров арванхоёрдугаар сарын дундуур баталжээ.


“Манай төрийн далбаа наранцэцэгтэй адилхан харагддаг болохоор улс орон маань өндийж чадахгүй байна гэсэн үзэл бодол өмнө нь нийгэмд зонхилж байсан. Түүгээр ч барахгүй манай улсыг зорьж ирсэн гадаадынхан Киргизэд наранцэцэг их ургадаг уу гэж асуух тохиолдол ч гарч байсан" гэж Киргизийн төрийн тэргүүн Кабар агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. "Тусгаар тогтносноосоо хойш манай улс гадаад ертөнцтэй өргөн харилцаатай болсон, тиймээс төрийн далбааныхаа хэлбэр төрхийг эргэн харах цаг нэгэнт болжээ. Төрийн далбаандаа тодорхой өөрчлөлт оруулсан жишээ дэлхийн олон оронд бий" гэж Ерөнхийлөгч ярьсан байна .


Хуучин төрийн далбаанд улаан өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй дэвсгэрийн голд киргиз гэрийг дээрээс нь дүрслэн байрлуулж, гадуур нь нарны 40 туяаг долгионтуулж зурсан байсан бол харин одоо нарны туяаг шулуун болгон өөрчилжээ.

Холбоотой мэдээ