Монгол шуудангийн гүйлгээнд хоёр шинэ маркийг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-12-21 17:43:00

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Палеонтологи, Археологи, Хэл зохиолын хүрэлээнгийн эрдэмтэдтэй хамтран бүтээсэн “Мөстлөгийн үеийн амьтад, хөшөө чулууны бичиг” марк худалдаанд гарлаа.


Чингисийн музейд өнөөдөр болсон нээлтийн үеэр “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар хэлэхдээ, “Манай улсад анхны маркийг 1924 онд гаргасан. Марк бүрт бичиг соёлын дурсгал дүрсэлдэг. Монгол бичгээр Монгол Улсынхаа нэрийг бичдэг бол соёмбо үсгийг тогтмол тавьдаг. Тиймээс марк бол шуудангийн марк бичиг соёлын дурсгал юм. Дэлхийн шуудан холбооны 192 орон байдаг. Түүний нэг нь манай Монгол шуудан компани оператор байгууллагаар ажилладаг. Монгол Улсын марк 191 оронд түгэн тархах боломжтой байдгаараа давуу тлатай. Тусгаар тогтносон улсын нэгэн баталгаа бол шуудангийн марк юм” гэдгийг тодотгов.


Хадан дээр зурагласан эртний урлагийн бүтээлүүд нь дэлхийн өнцөг булан бүрээс олддог. Энэ нь балар эрт үед тухайн нутагт амьдарч байсан амьтны аймгийн тухай ойлголт, тэдгээрийг зурсан хүмүүсийн соёл, байгаль орчны талаар үнэ цэнтэй мэдээллийг өгдөг. 

Монгол маркийн түүхэнд Эрт галавын амьтад, Хадны сүг зураг сэдэвт маркт арслан заан, адуу үхэр, тэмээ, буга зэрэг олон амьтад дүрслэгдсэн байдаг. “Мөстлөгийн үеийн амьтад” сэдэвт хэлхээ маркт эртний хүний хадан дээр дүрсэлсэн амьтны зураг болон уг амьтныг сэргээн зурсан зурагтай хамтад нь дүрсэлснээрээ анхдагч юм.

Монгол нутагт өргөн тархсан хадны зургууд дээр эртний хүнтэй зэрэгцэн амьдарч байсан олон төрлийн амьтдыг дүрсэлснээс мөхөж үгүй болсон ч, яс болон биеийн хэсэг нь олдож шинжлэх ухааны судалгаагаар судлан тогтоогдсон арслан заан, савагт хирс, бизон үхэр, тэмээн хяруул зэрэг 4 төрлийн амьтныг сонгон авчээ. 


Монгол маркийн түүхэнд Чингис хааны мэндэлсний 800, 860 жил Археологийн олдвор, Чулуун хөшөө, Монголын нууц товчоо 770 жил I, II цуврал, Монголын нууц товчоо 780 жил сэдэвт олон маркт бичиг бүхий хөшөө чулууг дүрслэн оруулсан байдаг. 

“Хөшөө чулууны бичиг” сэдэвт 6 нэрийн маркт монголчуудын эртний бичгийн дурсгал, соёлын олдворуудаас сонгон авчээ. Үүнд:

Согд бичиг-Бугатын гэрэлт хөшөө 585 он. Архангай аймгийн Их тамир сум, Бугат багийн нутгаас 1956 онд археологич Ц.Доржсүрэн илрүүлсэн. Архангай аймгийн музейн өмнө талд байрладаг.

Брахми бичиг-Хүйс толгой 601 он. Булган аймгийн Могод сум, Хүйс толгойгоос 1967 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги илрүүлсэн. Чингис хаан Үндэсний музейн үзмэрт дэглэгдсэн.

Руни бичиг-Номгон 692 он. Архангай аймгийн хашаат сум, Номгон багийн нутгаас 2022 онд илрүүлсэн. ШУА-ийн Археологийн хүрэлээнд хадгалагдаж байна. 

Хятан бичиг-Бүлээний овоо 926 он. Дорноговь аймгийн Эрдэнэ сум. Бүлээний овооноос 1950-иад оны үед судлаачид илрүүлэ нэрдэмтэн О.Намнандорж 1980 онд бүртгүүлсэн. Монголын Үндэсний музейн үзмэрт дэглэгдсэн.

Монгол бичиг-Хархорум 1348. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар Их Монгол улсын нйислэл Хархорум хотод босгожээ. Хөшөөсний бичээсний утга нь Чингис хаан ширээнд заларсан 15 дахь он буюу 1220 онд Хархорумыг нийслэл болгохоор тогтжээ.

Соёмбо бичиг-Эрдэнэ зуу 1686 он. Соёмботой гэрэлт хөшөө нь Хархорум хотын шашны бүлгүүдийн амьдрал, ялангуяа лалын шашны сүм хийдийн түүхийг судлах үнэт дурсгал болно. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон соёмбо үсгийг хөшөө чулуун дээр сийлэн үлдээсэн цорын ганц дурсгал юм.


“Монгол шуудан” ХК энэ онд 25 дахь сэдвийнхээ маркийг ийнхүү гаргаж байгаа бол 2024 онд 100 жилийн ойд зориулан олон шинэ маркийг гаргахаар зорьж байгаа аж.




Холбоотой мэдээ