Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны шилдэг харваачид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-25 14:31:02

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалыг энэ оны наймдугаар сарын 22-24-нд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулна.


Энэ удаагийн тэмцээн Монголын уламжлалт харвааны төрөл “Бөмбөг намнаа”-г дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааснаараа онцлог юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваач оролцох урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Энэ нь монголын морьт спорт, үндэсний өв соёлыг олон улсад сурталчлах, соёл, спортын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал үйл явдал болох аж.


Тэмцээнийг Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсаас 15 шилдэг харваач оролцохоос гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. 


"ЮНЕСКО"-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилготой юм. 


Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг  Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа нь фестивалийн онцлох үйл ажиллагааны нэг хэсэг болох талаар Соёл Урлагийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ