Байгаль орчны залуу манлайлагчдын дуу хоолой олон улсад хүрч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн талуудын 28-р бага хурлын (COP28) үеэр уур амьсгалын хямралыг даван туулахад залуус оролцоо чухлыг дэлхий нийтээр бататгасан билээ.
“НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал”
хөтөлбөрөөр дамжуулж 2022 оноос хойш залуу манлайлагчдыг жил бүр байгаль орчны
олон улсын хурлуудад оролцуулж, Монгол залуусын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэж байна. Тус хөтөлбөрийн энэ оны шилдэг оролцогч
Г.Эрчиссаран СОР28 хуралд амжилттай оролцсон туршлагаа тус хөтөлбөрийн хаалтын
ажиллагааны үеэр хуваалцлаа.
Тэрбээр, “Бид бол ирээдүйн ахмадууд. Хойч
үеийн залуус бидэнд талархаж, биднээр бахархах хэмжээний хариуцлагатай,
санаачилгатай, хөдөлмөрч байцгаая гэсэн уриалга СОР28 хурлаас надад хамгийн тод
үлдсэн. Уур амьсгалын өөрчлөлтөд хөгжиж
буй орнууд хамгийн бага нөлөөлдөг ч хамгийн их хохирч байгаа. Иймд хөгжиж буй
иргэний хувьд дуу хоолойгоо хүргэхийг зорьсон. Миний хувьд байгальд ээлтэй
материал үйлдвэрлэдэг “Start-up” компанитай. Манайх аргал, хаягдал даавуу, эсгий, кофены үр зэргийг дахин
боловсруулж цаас болон бүтээгдэхүүн хийдэг. Одоогоор аргалаар цаас хийж байгаа.
Цаашид дотоодын хувцасны брэндийн хаягдал даавуу, өөдөс цуглуулаад, хувцасны
шошго хийх гэх мэт байгальд ээлтэй бүтээгдэхүүнээ дагнаж хийх сонирхолтой. Аргалын
цаасаа үйлдвэрлэлд өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилго бий. Дөнгөж технологио бүтээгдэхүүн
болгоод туршиж сайжруулаад явж байгаа. Манай улсын хувьд шинжлэх ухаан,
инновацын салбарт илүү хөрөнгө оруулж, их сургуулиудын сургалтыг сайжруулах,
судалгаа хийдэг лаборатори байгуулах зэрэг системийн дэмжлэг хэрэгтэй байна”
гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар,
НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас хамтран зохион байгуулсан “НҮБ-ын Залуу төлөөлөгч -
Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөр 8 дугаар сараас хойш 4 сарын турш амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийв.
“НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал 2023”
хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг цахим, нээлттэй сонгон шалгаруулалт
зарлан шалгаруулж байгаль орчны тухай төрөл бүрийн асуудал хөндсөн сургалтуудад
хамруулжээ. Ингэхдээ Монголд
үйл ажиллагаа явуулж буй төр, олон улсын байгууллагуудаас гадна АНУ, Япон,
Сингапур, Шинэ Зеланд, Герман, Энэтхэг зэрэг улсын тэргүүлэх эрдэмтэд, залуу
манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бүхий судалгаа, аргачлал, ур
чадвараас залуучууд суралцсан аж. Хөтөлбөрийн
нэг онцлог нь залуусын дуу
хоолойг олон улсын түвшинд хүргэх явдал юм. Энэ хүрээнд Local Conference of
Youth буюу Залуучуудын уур амьсгалын олон улсын бага хурал зохион байгуулж, үр дүнг дэлхийн 700 мянга гаруй залуусын оролцсон “Олон улсын залуучуудын
мэдэгдэл”-д албан ёсоор хүргүүлжээ.
Түүнчлэн хөтөлбөрийн оролцогчид 5 багт хуваагдаж байгаль орчинд тулгамдаж буй
асуудлыг шийдэхэд хувь нэмрээ
оруулах төслүүдийг санаачилсан
байна.
“Уур амьсгалын
залуу хэлэлцээрч” хөтөлбөрийн оролцогч, “Breathe Mongolia-Clean Air
Coalition” ТББ-ын үйл ажиллагааны захирал Б.Энхүүн ярихдаа,
“СОР28 бага хурлын үеэр 4 удаа илтгэл
тавьсан. Илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлийн асуудалд хүүхэд залуус хэрхэн идэвхтэй
оролцож, шийдвэр гаргагчийн түвшинд дуу хоолойгоо хүргэж чадахад анхаарсан. Уур
амьсгалын өөрчлөлтийн асуудлын нэг нь агаарын бохирдол. Монголын хүүхэд залуус энэ
сэдвийг хөндсөн. Бусад орны залуус ч энэ талаар мэдээлэлтэй байсан. Хүүхэд залуус
уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү их өртдөг. Үүнээс хамгаалахад хамгийн
наанадаж, гадаа гарахдаа амны хаалт зүүх, агаар цэвэршүүлэгч ашиглах, салхивчаа
хаах, урт хугацаандаа нүүрсээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг
дэмжих шаардлагатай. Бодлогын түвшинд шахмал түлш, нүүрс ашиглахаа больж, сэргээгдэх
эрчим хүчийг л илүү хүртээмжтэй болгох нь зайлшгүй”-г онцолж байв.
“Уур амьсгалын
залуу хэлэлцээрч” хөтөлбөрийн оролцогч, МУИС-ийн оюутан Б.Наранзаяа ярихдаа, “Олон улсын залуусын сайн туршлага гэвэл тэд хоорондоо
нэгдэж, асуудлаа ярьж чаддаг, уур амьсгалын өөрчлөлтийн талаар маш идэвхтэй
ажилладаг юм билээ. Харин манай улсын залуус
идэвх сул байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт муутай холбоотой
гэж бодож байна. Учир нь биднийг бага насанд, дунд сургуульд байхад сургалтын
хөтөлбөрт энэ тухай заадаггүй, ач холбогдол өгдөггүй болохоор суурь мэдлэггүй
байна. Залуус энэ асуудалд хамгийн их оролцоотой байж чадах боломжтой. Иймд уур
амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь мэдлэгийг бага ангиас нь заах, багш нар нь
ч энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгвэл залуус хоорондоо нэгдэн төсөл
хэрэгжүүлж, дуу хоолойгоо гаргах бүрэн боломжтой” хэмээсэн юм.
“НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал
2023” хөтөлбөрт шалгарсан 30 оролцогчийн 10 нь хууль, эрх зүйн салбарын
төлөөлөл гэдгээрээ энэ оны хөтөлбөр онцлогтой. Байгаль орчны асуудалд залуу
хуульч, эрх зүйчдийг татан оролцуулахад Монголын Хуульчдын Холбооноо анхаарч, салбарын оролцогчдыг сургалт,
үйл ажиллагаанд хамруулав. Оролцогчдоос шалгарч, шилдгээр
тодорсон хуульч О.Мөнхнасан 2024 оны 2 дугаар сард Кени Улсад зохион байгуулах НҮБ-ын Байгаль орчны ерөнхий
ассамблейд эх орноо төлөөлөн оролцоно.