Монголын сагсны шигшээ багийг грек мэргэжилтэн удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-25 13:26:59

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25/МОНЦАМЭ/. Монгол Улсын шигшээ баг анх удаа FIBA 2025 Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг аваад байгаа билээ. Тэгвэл 4 жил тутам зохион байгуулагддаг Ази тивийн хамгийн том сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Грек улсын иргэн Василис Фракиастай хамтран ажиллахаар МСБХ-ноос тохиролцож, хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.

 

Багийн амжилтаас шалтгаалж гэрээний хугацааг 2025 оны Азийн аваргыг дуусах хүртэл хийсэн ба Залуучуудын 2-р шигшээ баг байгуулж шигшээ багийн залгамж бэлдэх, өөрийн онцлогт таарсан шигшээ багийн хөтөлбөртэй болох зэрэг хөгжлийн томоохон алхмыг хамтран хэрэгжүүлэх зорилгуудыг тавьсан байна.

 

МСБХ-ны 2023 оны IV улирлын Удирдах зөвлөлийн хурлаар тус шийдвэрийг гаргасан бөгөөд уламжлалын дагуу шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 30 хүнээр зарласан байна.

 

Өргөтгөсөн бүрэлдэхүүнээс 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэх эрхтэй.

 

Мөн багийн скаут буюу тоглолт судалгаанд туслахаар Серби мэргэжилтэн Велибор манай шигшээ багт нэгджээ.

 

Гадаад мэргэжилтнүүдийн Монгол Улсад 3 жил ажиллаж, манай тоглогчдын ур чадварыг мэдсэн туршлага нь гол шалгуур болсон байна .

 

Манай шигшээ баг эхний тоглолтоо 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод тус улсын шигшээ багтай хийх юм.

Холбоотой мэдээ