ХӨВСГӨЛ: Цагаан чулуутын овоог намрын дунд сарын 17-нд тахиж байх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-25 17:07:02

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 24 дүгээр хуралдаанаар Арбулаг сумын Цагаан чулуутын овоог намрын дунд сарын 17-нд тахиж байх шийдвэр гаргалаа.


Тус овоог эрт дээр үед хэрхэн тахиж байсан тухай судар олдсон байна. Сударт овоог намрын дунд сарын 17-нд тахиж байхыг бичиж үлдээсэн учраас Цагаан чулуутын овоонд намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр жил бүр хүндэтгэл үзүүлж, 4 жилд нэг удаа тахиж байхаар боллоо.


Цагаан чулуутын овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, түүнийг Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэд нууцаар эрхий хурууг нь цавчин эх нутагт нь авчирч хадагт боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлмийн хамт газар ухан булж оршуулган дээр нь 1760 оны үед овоо босгосон гэсэн домог яриа байдаг.


Түүнээс хойш Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо хамгийн томд тооцогддог тус овоог Хөвсгөлийнхөн тахин шүтсээр ирсэн түүхтэй юм.

 

Холбоотой мэдээ