Б.Пунсалдулам: Монгол Улсын тусгаар тогтнолын суурь эхлэл нь Үндэсний эрх чөлөөний 1911 оны хувьсгал юм

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-12-29 09:49:39

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Б.Пунсалдуламтай ярилцлаа.


          -Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийж 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг зарласан. Тухайн үед ийм үйл явдал болох урьдчилсан нөхцөл нь юу байсан юм бэ?

           -Аливаа хувьсгал урьдчилсан нөхцөл бүрдэж байж гардаг. Монгол, Хятад хоёулаа Манж Чин гүрний эрхшээлд байсан. XIX зууны дунд үеэс Манж Чин гүрэн дэлхийн хөгжилтэй улс орнуудад (хар тамхины дайнд) ялагдаж, газар нутгаа тэдний нөлөөнд алдах болжээ. Иймд Манжийн хаан суудлаасаа буулгүй, өөрөө хүчжих зорилгоор ХХ зууны эхнээс “Шинэ Засаг” хэмээх бодлогыг улс төр, эдийн засаг, соёлын салбарт явуулжээ. Үүнээс Монголд хамгийн халтай, эсэргүүцэл хүлээж байсан хэсэг нь эдийн засгийн шинэчлэл байв. Эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд хятад иргэдийг монгол газар олноор нүүлгэн шилжүүлэх болсон. Хятад иргэд монгол газар ихээр суурьших нь олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн монголчуудын язгуур эрх ашигт олон талаар ноцтой харшилж байв. Үүнийг Монголын нийгмийн дээд, доод хэсэг бүгд ухамсарлан ойлгож, эсэргүүцэн, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд нэгджээ. Мөн Манж Чин гүрний эрхшээлд байсан Хятад, Түвд зэрэг олон газар оронд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсөн байна. Түүнчлэн хөгжилтэй улс гүрнүүд өөрсдийн нөлөөний хүрээнд дэлхийн газар нутгийг хуваан эзэмших өрсөлдөөн хүчтэй явагдах болжээ. Тухайлбал, Орос-Японы 1904-1905 оны дайнд Хаант Орос ялагдаж, хоёр орны 1907, 1910, 1912 оны гэрээгээр Монголыг өөрийн нөлөөний хүрээнд хуваасан байна. АНУ 1899 оноос Хятадад “нээлттэй хаалга” ба “тэгш боломж” бодлого явуулах болсон нь Монголд ч хамаатай байв. Үүнтэй зэрэгцэн Хаант Оросын Алс Дорнодод явуулах бодлого, үйл ажиллагаа ч идэвхжиж 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах дотоод, гадаад нөхцөл бүрдсэн байна.


            -Бид одоо л 1911 оны үйл явдлыг хувьсгал гэж ярьж байна. Түүнийг хөдөлгөөний төвшинд авч үзэж байсан, энэ ямар учиртай юм бэ?

        -1911 онд Их Хүрээнд гарсан үйл явц бол хөдөлгөөн биш, Үндэсний эрх чөлөөний хувьсгал юм. Хөдөлгөөн гэдгийг аваад үзье. Одоо ч нийгэмд янз бүрийн хөдөлгөөн өрнөж, өмнөө тавьсан зорилтдоо хүрэх нь ч байна, хүрэхгүй нь ч байна. Хэрэв бид 1911 оны үйл явцыг хөдөлгөөн хэмээн үзвэл, ялалтын үр дүн болсон Монголын Улсын төрийн тусгаар тогтнолыг үнэн зөв, бодитой тусгаж, үнэлэхгүй, гадны судалгаа, тэдний үзэл бодлоор өөрийн түүхийг харсан, үнэлсэн хэрэг болно. Манай түүхийн судалгаанд тийм үнэлгээ, дүгнэлтүүд өгч байсан үе марксист түүх бичлэгт байсан. Гэхдээ 1968 онд “БНМАУ-ын түүх” гурван боть ном хэвлэгдэн гарсан үеэс энэ үнэлгээ дүгнэлтүүдийг эргэн харж, бодиттой үнэлэх асуудал эхэлсэн гэж үздэг. Харин 1990 оноос хойш уг сэдвийн судалгаа нарийсан хөгжиж, олон арван ном бүтээл гарсан.


Ар Монголын хүрээнээс хальж нийт монгол овогтныг хамрахад хүрсэн 1911 оны хувьсгал их гүрнүүдийн сонирхолд харшилжээ

            -Үндэсний эрх чөлөөний 1911 оны хувьсгалын талаар судлаач эрдэмтдийн санал дүгнэлтээс тодруулбал...

-Энэ үйл явцын тухай судалгаа 20 дугаар зууны эхэн үеэс л эхэлжээ. Тухайн цаг үедээ ч энэ үйл явцыг “хувьсгал”, “их хөдөлгөөн”, “наран мэт хөдөлгөөн” хэмээн нэрлэжээ. Монголын түүхийн судалгааны хөгжлийн явцад “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” (Марксист түүх бичлэгт), “Үндэсний хувьсгал”, “Үндэсний эрх чөлөөний хувьсгал” (Түүх шинэчлэлийн үед) хэмээн нэрлэж байна.

1911 оны Үндэсний хувьсгалын зорилго нь

-Үндэс юугаа аврах,

-Шашин үндсээ аврах, хамгаалах,

-Монгол овогтноо нэгтгэх зорилготой байжээ.

Эдгээр зорилтоос монгол овогтноо нэгтгэх зорилт нь олон улсын хүчний харьцаа, гадаад улс орнуудын шунал хүслээс шалтгаалан биелэгдээгүй.

Үндэсний хувьсгалын үе шатыг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх үйл явцтай холбогдуулан үндсэн хоёр үед хуваан авч үздэг.

Нэгдүгээрт, 1911-1913 он. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, монголчууд үндэсний нэгдмэл тусгаар тогтносон улсаа байгуулахын төлөө тэмцсэн үе. Энэ үед Барга, Дотоод Монгол, Алашаа, Хөхнуур, Ил Тарвагатайн монголчуудын ихэнх нь Монгол Улсад дагаж нэгдэхээ албан ёсоо илэрхийлсэн. Ийнхүү Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгал Ар Монголын хүрээнээс хальж Өвөр Монгол, Буриад зэрэг нийт монгол овогтныг хамрах төлөвтэй болсон нь их гүрнүүдийн сонирхолд харшилсан байна. Хаант Орос, Дундад Иргэн улс Бээжинд 1913 онд тохиролцож, Ар Монголыг автономит улс болгохоор тунхаглал гаргажээ. Үүгээр Үндэсний хувьсгалын бүх монгол овогтноо нэгтгэх зорилт тасалдан буурчээ.

Хоёрдугаарт, 1914-1915 он. Үндэсний хувьсгалын бууралтын үе хэмээн судлаачид үечилдэг. Энэ үе нь Хиагтад гурван улсын гэрээ байгуулах 1915 он хүртэл үргэлжилдэг. Хаант Орос, Дундад иргэн улс хүч хавсран түрэмгийлж, Хиагтын гурван улсын гэрээгээр Монгол Улсыг “автономит эрхтэй” болгож тусгаар тогтнолын үнэ цэнийг бууруулсан.

 

-Үндэсний хувьсгалын удирдагчид, тэдний зохион байгуулалтын талаар ярих уу?

-Үндэсний хувьсгал хэмээн нэрлэх, үнэлэх гол шалгуурын нэг нь хувьсгалыг удирдах улс төрийн хүчин, түүний зохион байгуулалт, чиг шугам, хөтөлбөр зорилт байдаг. Ер нь Монголын 1911 оны Үндэсний хувьсгалын түүхийг гадны судлаач эрдэмтэд (Е.А.Белов зэрэг) хувьсгал биш, хөдөлгөөн хэмээн үзэж тайлбарлахдаа тавьдаг нэг шалгуур нь Монголд хувьсгал удирдах улс төрийн хүчин байгаагүй хэмээн бичдэг. Бас Хаант Орос хүлээн зөвшөөрсөн учраас л Хүрээнд эргэлт гарч, Богдыг хаан ширээнд тавьсан хэмээн манай зарим нэг соён гэгээрүүлэгчид бичиж түүхийг мушгин гуйвуулж байна. Гэтэл монголчууд гадаад дотоод ертөнцөд болж буй үйл явдлыг сайн мэдэж, ямар цаг мөчид хөдлөх, хэрхэн зохион байгуулалтад орохоо сайн мэдэж байсныг түүхийн баримтууд баталдаг. Гурван улсын гэрээний үед монголчууд (1915 оны хүч тэнцвэргүй тулаанд) төрийн тусгаар тогтнолынхоо төлөө Хаант Орос, Хятадын туршлагатай дипломатуудтай бүтэн 9 сар маргалдан тэмцэж, бага ч гэсэн үр дүнд хүрсэн байна. Монголчуудын мэдлэг, чадвар, зүтгэл, арга дүй, эв ухаан гээд олон зүйлийг үүнээс л харж болно. Хэрэв тийм мэдээлэл, мэдлэггүй байсан бол цаг алдан тухайн үед өөрийн нөхцөл, боломжийг үүрд алдах байсан гэж хэлж болно. Ер нь Үндэсний хувьсгалын үр дүнд 1911 онд тогтсон Монголын төрийн тусгаар тогтнолыг Хаант Орос хүлээн зөвшөөрсөн төдийхнөөр тайлбарлаж болохгүй.

Монголчуудын тэмцэл, чармайлт, мэдлэг, оюун, чин хүсэл, тэсвэр, тэвчээр, ур ухаан бүх зүйлийг энд нарийвчлан тусгаж үнэлэх хэрэгтэй. Энэ хувьсгалыг удирдах улс төрийн хүчнийг Халхын Хүрээний Бүх Хэргийн Түр Ерөнхийлэн Захиран Шийтгэх Газар (ХХБХТЕЗШГ) мөн хэмээн үздэг. Түүнийг зарим судлаач Түр Засгийн газар гэж үздэг. Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг, улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан 1911 оны намар “Түр засгийн газар”-ыг Түшээт хан аймгийн жанжин чин ван Ханддорж, Их Хүрээний да лам Цэрэнчимэд, Сэцэн хан аймгийн хамаарсан чуулган дарга жүн ван Гомбосүрэн, Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин хэбэй бэйс Гомбосүрэн, Сайн ноён хан аймгийн ван Цэдэнсоном, Түшээт хан аймгийн улсад туслагч гүн Намсрай нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг.

Уг байгууллагаас авч, хэрэгжүүлсэн олон ажлыг дараах зүйлд багцлан авч үзэх боломжтой. Тухайлбал:

-Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн эхний ололтыг бататган хамгаалах, улс орноо бүрэн чөлөөлөх,

-Манжийн захиргааны үеийн төрийн тогтолцоо, төлөөллийн байгууллага, албан тушаал, албыг халж, өөрчлөх,

-Улс орны дотоод амьдралыг зохицуулах, удирдах,

-Олон монгол аймаг, хошуудыг Үндэсний хувьсгалын үйл хэрэгт татан оролцуулах,

-Аймгуудаас цэрэг, мөнгө татаж Улсыг тунхаглан зарлахад бэлтгүүлэх,

-Шинэ Монгол Улсын байнгын Засгийн газрыг байгуулах бэлтгэлийг хангаж, зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөж хийжээ. Үүнд, Богд хааныг өргөмжлөх их ёслолын журмыг бэлтгүүлэх, ёслолд оролцогчдын өмсөх хувцас, дэг жаягийг тогтоох, хааны тамганы эх загварыг боловсруулах, тамгыг бүтээх, төрийн сүлд, далбааг бүтээх, Монгол Улсын Засгийн газрыг байгуулах, Богд эзнээс хишиг тархаах зарлигийн төслийг бэлтгэх гэх мэт олон ажлууд орно.

 

            Өндөр гэгээний хойт дүр учраас VIII Богд өөрийгөө алтан урагт тооцсон байна

-Ингээд Монголын хаан ширээ эзэнтэй болж, Монгол Улсын Засгийн газрыг таван яамтай 1911 оны 12 сарын 29-нд байгуулсан. Энэ тухайд...

-Таван яамыг сайдтай нь одоо нэрлэвэл,

1.Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам-сайдад Да лам Г.Цэрэнчимэд

2.Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам-сайдад Хошой чин ван М.Ханддорж

3.Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яам /БЕЗЯ/-сайдад Түшээт хан аймгийн засаг ноён Г.Чагдаржав

4.Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яам-сайдад Эрдэнэ далай ван В.Гомбосүрэн

5.Шүүн Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яам-сайдад хошой чин ван М.Намсрай.

Дараа нь 1912 онд Бүгд Ерөнхийлэн Захирах яамыг байгуулж, сайдад Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилсон байдаг. Дараа нь БЕЗЯ-ыг1915 онд татан буулгаж, бичиг хэргийг нь Дотоод яаманд шилжүүлжээ.


-Жавзандамба хутагт 8 дугаар Богдыг хаан ширээнд залсан байна. Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны удам Түшээт хан Дашням зэрэг алтан ургийнхан энэ үед байсан шүү дээ. Тэдний байр суурь ямар байсан юм бэ?

-Тусгаар тогтносон Монгол Улсын хаан ширээнд Чингисийн алтан ургийн хүмүүс байсаар байхад яагаад VIII Богд Жавзандамба хутагтыг томилсон талаар манай түүхч, судлаачид санал нэгтэй байдаг.

Нэгд, Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг эхнээс нь манлайлсан, удирдсан,

Хоёрт, Монголын шарын шашны тэргүүн, бүх монгол овогтны оюун санааны удирдагч,

Гуравт, VIII Богд, Өндөр гэгээн Занабазарын хойт дүр учраас Чингисийн удмын хүн хэмээн өөрийгөө алтан урагт тооцож байсан,

Дөрөвт, Тэрээр Халхад хамжлагын тоо, мал, хөрөнгөөр дээгүүрт ордог байсан хэмээн тайлбарладаг.

Миний хувьд ч үүнийг дэмждэг. Гэхдээ дээрх олон шалтгаануудаас хамгийн жинтэй нь монголчуудын оюун санааны удирдагч гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тийм ч учраас алтан ургийнхан хүлээн зөвшөөрч, хаан ширээний төлөө ширүүн тэмцэл гаргаагүй юм. Тэгээд ч Алтан ургийнханд хаан ширээ гол биш, Монгол төрийн тусгаар тогтнол, монгол үндэстний эрх ашиг хамгаас чухал хэмээх байр суурийг баримталж байсан нь түүхэн үйл явцаас харагддаг.

 

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид өмнө тулгарсан саад бэрхшээлийг давах тэд  анх ямар алхам хийсэн юм бэ?

-Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Жибин (Япон), Дан Ма (Дани), Хэ Дан (Голланд), Ау (Австри) зэрэг дэлхийн 9 улс оронд нот бичиг бичиж, улс тус бүрийн Гадаад Хэргийн Явдлын яаманд илгээжээ. Гэвч ч эдгээр улс орноос хариу ирээгүй. Улмаар Хаант Орос улстай 1912 онд Найрамдлын гэрээ байгуулсан байдаг. Энэ бол тэдний хийсэн дараагийн алхам нь байгаа юм.

Түүнчлэн улс орны эдийн засгийн хөгжлийг өөд татахын тулд тодорхой арга хэмжээ авсан байна. Тодруулбал, гааль, татвар, санхүүгийн системийг бий болгох анхны алхамуудыг хийжээ. Орчин цагийн танхимийн сургуулийг байгуулахад анхаарал хандуулж, Гадаад яамны харьяанд анхны 40 сурагчтай сургуулийг байгуулж, үргэлжлүүлэн улс орон даяар бага сургуулийг олноор байгуулан ажиллажээ.

Архивын баримтаас харвал 40-60 гаруй сургуулийг байгуулж хүүхэд, залуусыг сургаж байв. Мөн хүүхэд, залуусыг Хаант Орост явуулж сургаж байв. Өнөөгийн Монгол Улсын боловсролын тогтолцооны эхлэл албан ёсоор 1912 оноос ингэж үүсжээ. Өөрөөр хэлбэл орчин цагийн боловсролын систем үүссэн он цагийг тоолбол, энэ жил 111 жил нь тохиож байна.


И.Я.Коростовец да лам Цэрэнчимэдийг эрч хүчтэй, ухаалаг, хэрсүү гэж номдоо бичжээ

 -Хиагтын 3 улсын гэрээнд Монголын талаас хэн хэн оролцсон байдаг юм бэ?

-1912 оны 10 дугаар сард Нийслэл Хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хаант Оросын Засгийн газрын хооронд Найрамдлын гэрээ байгуулсан. Гэрээнд Хаант Оросын талаас И.Я.Коростовец, Монголын талаас Бүгд Ерөнхийлэн Захирах сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүдтэй 6 хүн оролцож, гарын үсэг зуржээ. Энэ гэрээ байгуулагдсаны дараа Дундад Иргэн улсаас Хаант Орост хандаж, та нар Найрамдлын гэрээ байгуулснаар Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан хэрэг боллоо хэмээн гомдоллож, улмаар 1913 оны 11 дүгээр сард Бээжинд дээрх хоёр улс Монголын талаар харилцан үгсэн тохирч “Гадаад Монголыг Хятадын харъяаны автономит эрхтэйгээр” хязгаарласан Илтгэн гаргах бичиг нэртэй гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газарт тулган хүлээлгэх гэж оролдсон байна. Үүнийг Монголын Засгийн газар эсэргүүцэж, улмаар Хиагтад 3 улсын бүрэн эрхт төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцээ хийж, энэ хэлэлцээ бүтэн 9 сар үргэлжилжээ.

Энэ гэрээнд Монголын талаас бүрэн эрх барих элчин сайдаар Дотоод яамны тэргүүн сайд бэйс билигт, улсад туслагч гүн лам Дашжав, Сангийн яамны тэргүүн сайд Түшээт чин ван Чагдаржав, зөвлөгчид Гадаад яамны дэд сайд, хичээнгүй улсад туслагч гүн Цэрэндорж, Засагт чин ван Удай, Манлайбаатар жүн ван Дамдинсүрэн, гүн Жигжиджав, эх зохиогч бичээч бөгөөд орчуулагч түшмэл Цэвээн Жамсранов, Цогт Бадамжав, эх зохиогч бичээч Санжмятав нар оролцсон байна. Хаант Оросын талаас бүрэн эрх барих сайдаар ерөнхий консул Миллер нарын 7 хүн, Хятадын талаас бүрэн эрх барих сайдаар генерал Би Гуй Фан, элчин сайд Чен Лу нарын 7 хүн оролцжээ.

Хиагтын гурван улсын гэрээнд оролцсон монголчууд өөрийн эрх ашиг дээр хатуу зогсон тэмцэж байв. Хэлэлцээрийн явцад Монголын тал гэрээнд оролцогчдын хүсэлт, шаардлагаар Манлайбаатар Дамдинсүрэн, да лам Дашжав нарыг гэдрэг татаж, да ламын оронд Ширнэндамдинг томилож байв. Гурван улсын гэрээгээр Гадаад Монгол Дундад Улсын сюзеренитетийг зөвшөөрөн хүлээсэн. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ бол Хаант Орос, Хятадын Монголыг өөртөө ашигтайгаар эргүүлэх, ингэхдээ өөрсдийн эрх ашгийг хөндөхгүй шийдвэрлэх гэсэн улс төрийн бодлогын үргэлжлэл, тусгал юм. Гурван улсын гэрээний дараа Монголын нийгмийн амьдрал урьдын адил үргэлжилжилж байв.


-Хаант Орос, Монгол Улсын 1912 оны гэрээнд оролцсон Да лам Г.Цэрэнчимэд Хаант Оросын дипломатич И.Я.Коростовецийг гэрээ цаас бичгээ шидэхэд хүртэл нь уурлуулсан тухай ярьдаг. Да лам болон Үндэсний хувьсгалын удирдагчдын талаарх үнэлгээ, тэр дундаа Коростовец өөрөө Да ламыг хэрхэн үнэлж байсан бэ?

-Тийм ээ. Энэ тухай Коростовец өөрийнхөө номдоо тэмдэглэсэн байдаг. Түүний номыг монгол хэлээр орчуулсан. “Монголд өнгөрүүлсэн есөн сар” нэртэйгээр 2010 онд гарсан. 1912 оны гэрээнд оролцсон монголчууд, тэр дундаа Да лам Цэрэнчимэд Монгол Улсын эрх ашиг, байр суурь, тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцсэн, нөгөө талаар тэдний олон улсын эрх зүйн хэм хэмжээ, хууль зүйн мэдлэг өндөр байсан учраас хашир туршлагатай Хаант Оросын дипломатчийг барьц алдуулж, гарцгүй болгож, үнэнийг сөргүүлэн тавьж байсны илрэл юм даа.

Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, 1911 оны Үндэсний хувьсгалын удирдагчдыг гадныхан Оросын талыг баримталсан, Хятадын талыг баримталсан, Японы талыг баримталсан хэмээн тухайн үедээ дээд газартаа мэдээлж байжээ. Энэ ойлголтууд түүх бичлэгт үлдэж хоцорсон байдаг. Түүнээс биш Үндэсний хувьсгалын удирдагчид ямар нэг улс орны талд ороод тэднийг дэмжээд байгаа хэрэг биш юм. Тэд зөвхөн Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, хамгаалахад ямар гарц, хамтын ажиллагаа байж болохыг эрэн хайж байсан юм.

И.Я.Коростовец номдоо да лам Цэрэнчимэдийг эрч хүчтэй, ухаалаг, хэрсүү, хар амиа боддоггүй, их нэр хүндтэй гэсэн бол чин ван Ханддоржийг бидэнтэй ойртох (Хаант Орос) үзлийг баримталдаг хэмээн бичсэн байдаг. Бусад хүмүүс, удирдагчдын талаар ч бичиж, тэмдэглэж үлдээсэн.


-Монголын ХХ зууны түүхэнд Үндэсний эрх чөлөөний 1911 оны хувьсгал ямар байр суурийг эзлэх бэ?

-ХХ зууны Монголын түүх их эрчтэй, хөдөлгөөн ихтэй, монголчуудыг дэлхий нийтэд туурга тусгаар улс гэдгийг бүр зууны эхнээс батлан харуулсан, бодит амжилт дагуулсан он жилүүд байв. Энэ зуунд монголчууд гурван хувьсгал (1911, 1921, 1990) хийсэн, Монгол төрийг дэлхий нийтэд зарлан тунхаглаж, НҮБ-д элссэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, орчин үеийн шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэн, сургадаг болсон.Эдгээр олон амжилтын эхлэл, анхны суурийг Үндэсний эрх чөлөөний 1911 оны хувьсгал тавьж өгсөн байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялгарах онцлог нь бусад хувьсгал болон төрийн тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн суурь болсон. Өнөөдөр зарим хүн түүхэн явцыг өөр хооронд нь зэрэгцүүлэх, дээр доор нь оруулах, хувьсгал мөн, биш хэмээн ярих, нотлох гэж хичээж буйг хараад их л эмзэглэдэг. Ялангуяа нийтэд танигдсан зарим хүн цахим орчноор хагас дутуу боловсруулсан материалыг цацаж байгаа нь тун харамсалтай хэрэг. Болж өнгөрсөн түүхэн үйл явцыг нэг нэгнээс ялган салгах биш, түүхэн цаг үе, гадаад, дотоод нөхцөл, гол нь Монгол Улсын эрх ашиг, монгол үндэсний эрх ашиг, төрийн тусгаар тогтнолын залгамж чанарын үүднээс үнэлэн дүгнэх нь бидний мөнхийн хэрэгцээ, мөнхийн зарчим юм. Энэ зарчмаар хойч үе, залуустаа ойлгуулах нь тун чухал байна. Эцэст нь тэмдэглэхэд, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл нь 1921 оны Ардын хувьсгал юм. Эдгээр хувьсгалуудад оролцсон монголчууд бүгдээрээ гадны тусламжийг авсан байдаг. Гэхдээ хэн нэгний талд ороогүй. Монгол үндэс угсаа, төрийн тусгаар тогтнол, өв соёлоо авч үлдэх чин хүсэл зорилго өвөрлөн зүтгэж байжээ.


Холбоотой мэдээ