Х.Нямбаатар: Метро байгуулах олон улсын нээлттэй тендэр зарлахаар ажлаа эхлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-09 13:19:14

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод нийтийн тээврийн их багтаамжийн гэгдэх метро барьж байгуулах ажлыг нийслэлээс эхлүүлээд байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.


Метро байгуулах төслийн ажил эхлээд байна гэдэг нь саяхан Засгийн газрын хуралдаанаар нийслэл хотод барих метроны санхүүжилтийг нийслэл өөрөө төсвөөсөө 100 хувь хариуцах талаар хэлэлцэн, бүтээн байгуулалттай холбоотой гүйцэтгэлийн баталгаа шаардлагатай гэж үзвэл Засгийн газар гүйцэтгэл дээр хэсэгчилсэн баталгаа гаргах боломжтой хэмээн шийдвэрлээд байгааг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээллийнхээ эхэнд дуулгалаа.

Бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, ирэх 7 хоногт ИТХ-ын хуралдаанаар оруулж санхүүжилтээ танилцуулж, улмаар дүнг батлуулах аж. 


Улаанбаатар хот жилд дунджаар америк долларт шилжүүлбэл 100-200 сая ам.долларын татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын тогтоолоор нийслэл төвлөрүүлэх орлогоо цаашид метроны төслөө санхүүжүүлэх боломжтой хэмээн шийдвэрлээд байна.

Метроны төсөл нь урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.3 тэрбум орчим ам.долларын төсөвт өртөгтэй болж буйг мэдээллээ. Санхүүжүүлтийн хувьд нийслэлээс жилд дунджаар 200 сая ам.долларыг нийслэл өөрөө төсвийн орлогоороо бүрдүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийгээд байгаа аж. Түүнээс төслийн талаар тодруулав.


-Метро байгуулах ТЭЗҮ бэлэн байгаа гэсэн үг үү. Шинээр гаргаж хийв үү, эсвэл өмнө нь ЖАЙКА байгууллагаас хийсэн ТЭЗҮ-г үндэслэж байна уу?

-Нийслэлд анхны метротой болох үзэл санаа 1980-аад оны дундуур яригдаж, тухайн үеийн хот байгуулалтын удирдлага, хуучнаар ЗХУ-ын эрдэмтэн, мэргэжилтнүүд хамтран Улаанбаатар хотын төвд 5 том цооног өрөмдөж, анхны шинжилгээ судалгааг хийж байсан.

Түүнээс хойш 2005 оноос нэлээн яригдаж эхлэн анхны суурь судалгааг 2013 он хүртэл хийсэн. 2011 оноос БНСУ-ын “Соосунг инженеринг” компани анхны урдчилсан ТЭЗҮ-г хийж, дараа нь эдгээр цугларсан шинжилгээ судалгаа, дата мэдээллийг нэгтгэж, 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага одоо бидэнд байгаа урдчилсан ТЭЗҮ-г хийж өгсөн юм.

Энэ ТЭЗҮ-гээр Улаанбаатар хотод нэг шугамтай метро тавьж байгуулах бүтээн байгуулалтыг ДЕПО-тойгоо нийлээд, Толгойтоос Амгалан гэсэн баруунаас зүүн хэвтээ чиглэлд 18.3 км орчим урт байхаар төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн төв хэсэгт 6.6 км-ыг газар доогуур явахаар, үлдсэн хэсгүүд дээр баганан суурьтай буюу тулгуурт гүүрэн байгууламж барих байдлаар төлөвлөсөн байгаа.


-Одоо бэлтгэл ямар ажлыг эхлүүлээд байна вэ?

-Энэ сард багтаан төслийн менежментийг авч явах зөвлөх үйлчилгээний болон зэрэгцээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендэрийг зарлана. Ингээд шалгарсан компани, байгууллагуудтай хэлэлцээр байгуулаад явна гэв. Энэ төслийг хэдэн жилийн хугацаанд, ямар өртөгөөр барьж байгуулахыг нээлттэй тендэрүүдийн санал дээр үндэслэн эцэслэн хэлнэ. Төслийн бэлтгэл хангах ажлын хүрээнд метроны тендер, бичиг баримт боловсруулах чиглэлээр таван хүнийг Японд суралцуулахаар энэ сарын 15-нд явуулах гэж байна гэв.

Би түрүүнд Улаанбаатар хот жилд дунджаар 100-200 сая ам.долларын татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг гэж хэлсэн. Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын тогтоолоор нийслэл төвлөрүүлэх орлогоо цаашид метроны төслөө санхүүжүүлэх боломжтой хэмээн шийдвэрлээд байна. Нийслэлээс жилд дунджаар 200 сая ам.долларын санхүүжилтийг нийслэл өөрөө төсвийн орлогоороо бүрдүүлэх боломжтой гэсэн урдчилсан тооцоог хийгээд байна.

Түүнчлэн төсөл хэрэгжих явцад нийслэлийн үл хөдлөх зарим хөрөнгийг урьдчилан борлуулах талаар ТЭЗҮ-д дурдсан зүйл байгаа. Энэ мэтчилэн бид дотоод нөөц бололцоогоо шавхан метроны төслөө санхүүжүүлэх урьдчилсан тооцоог гарган ажиллаж байна.

Цаашид, 2025-2028 оны санхүүжилтээр метроны төслөө урагшлуулах тал дээр Нийслэлийн төрийн сан дээр хэд хэдэн хувилбараар тооцоо судалгаа хийнэ. Бид жилд зөвхөн 300 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн нийтийн тээврийн татааст олгож байгаа. Цаашид ийм хэлбэрээр олгож буй санхүүжилтийг үр ашигтай хөрөнгө оруулалт болгох чиглэлээр тооцоо судалгаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна гэв.

Холбоотой мэдээ