Европын сэргээн босголт, хөгжлийн банк жижиг төслүүдийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-27 12:59:04

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Филлип Д.Беннет, дэд захирал А.Өлзийтогтох, ЕСБХБ-ны Турк, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Наталиа Канжекова болон бусад албаныхан оролцов.

Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас  жил бүр  олгодог  санхүүжилт, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь  уул уурхай, дэд бүтцийн салбараас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийг  дэмжиж ажилладаг.   Цаашид  жижиг төслүүдэд илүү  анхаарч санхүүжилтээ нэмэгдүүлэх болсноо  Ноён Филлип Д.Беннет онцлов.  Тэрээр ЕСБХБ Монгол Улс дахь үйл ажиллагаагаа  банк, санхүүгийн салбарт  илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаа ч засаглалын ил тод байдлаа нэмэгдүүлэх  шаардлагатай байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд уламжиллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төв банкны хараат бус байдлыг хангаж ажиллахын тулд холбогдох хууль журамд шинэчлэлт хийхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Дашрамд дурдахад Европын сэргээн босголт, хөгжлийн банк  Монгол Улсад салбараа нээсний  10 жилийн ой  энэ жил тохиож буй аж. Энэ хугацаанд Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй зээл олгожээ. Тус банкнаас бусад орнуудын авсан санхүүжилтийг ДНБ-тэй нь харьцуулбал  манай улс   хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт татсан байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ