Аялал жуулчлал хөгжихөд хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-09-27 16:51:06

Өнөөдөр тохиож буй Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” сэдэвт онол практикийн бага хурал МУИС-ийн Дугуй танхимд боллоо.

Хуралд БОАЖЯ, МУИС, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл оролцов.

Энэхүү хурлыг ирэх сард Улаанбаатар хотноо болох “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт  Торгоны замын олон улсын бага хурлыг угтан зохион байгуулж буй аж.

МУБИС-ийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургуулийн багш Ө.Амгалан, “НҮБ-аас хэрэгжүүлсэн “Торгоны зам” гэдэг маш том эдийн засгийн коридор бий боллоо. Үүнд Монгол Улс бүхлээрээ тоглогч болох эсвэл аялал жуулчлалын тохирсон бүс нутгийн хэмжээнд тоглогч байх уу гэдгийг олж харах ёстой. 1954 оноос бид өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуур, говь, Горхи, Тэрэлж гэсэн тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг жуулчдад санал болгож байна. Орчин цагийн аялал жуулчлал огт өөр болсон. Монгол орны байгалийн өвөрмөц унаган төрх, байгалиас илүү монголчуудын ахуй амьдрал, нэн сонин хэв маягаа зөв оновчтой үзүүлж чадвал зөвхөн зуны улиралд жуулчин ирдэг байдал аажимдаа алга болно. Тиймээс дагнасан аялал жуулчлалыг одооноос төлөвлөх хэрэгтэй. Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэгдүгээрт, хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байна. 2000 онд баталсан “Аялал жуулчлалын тухай хууль” өнөөдрийн эдийн засгийн хурдацтай хөгжиж байгаа аялал жуулчлалын тогтолцоог зохицуулж чадахгүй байна. Хоёрдугаарт, олон жуулчин авах төлөвлөгөө байдаг ч татаж авах арга зам нээлттэй биш. Тухайлбал, жуулчдын хөнгөлөлттэй визний асуудлыг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд олон жуулчин авах боломжгүй. Гуравдугаарт, бадарчин буюу бие даасан аялагчдыг хянаж, тогтолцоог нь зөв зохицуулах  хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн засаглалын зөв менежмент хэрэгтэй. Манайд 700 орчим тур оператор байгууллага  бий. Үүний 10 орчим хувь нь зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс нэгдсэн, хувь нийлүүлсэн бизнесийн хоршил үгүйлэгдэж байна. Дөрөвдүгээрт, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх нь өөрөө аялал жуулчлалын салбар хөгжих тулгуур суурь болдог. Бид 1994 оноос аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн. Зөв тогтолцоотой, зөв шаардлагатай боловсон хүчин бэлтгэх цаг үе  иржээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадвал аялал жуулчлал хөгжих боломжтой” гэв.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ