ДУНДГОВЬ: 29733 иргэн 93 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-26 15:41:17
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол банкны Дундговь дахь салбарын мэдээлснээр 2023 оны 12 дугаар сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 171.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 25,8 хувиар өсжээ.


Үүнээс анхаарал хандуулах зээл 1.3 тэрбум төгрөг, чанаргүй зээл 1.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс анхаарал хандуулах зээл 23,9 хувиар буурч, чанаргүй зээл 12 хувиар өссөн байна.


Нийт зээлийн үлдэгдлийн 1,7 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна. Нийт зээлийн 2,6 хувийг төслийн, 10,7 хувийг бизнесийн, 32,7 хувийг хөдөө аж ахуйн, 45 хувийг хэрэглээний зээл, 9 хувийг ипотекийн зээл эзэлж байгаа ба эдгээр зээлийн жилийн дундаж хүү төслийн зээлийн хувьд 6,71 хувь, бизнесийн зээл 18,88 хувь, хөдөө аж ахуйн зээл 19,47 хувь, хэрэглээний зээл 16,74 хувь, ипотекийн зээл 10,38 хувьтай байгаа аж. 


Харин нийт хадгаламжийн үлдэгдэл өнгөрсөн мөн үеийнхээс 12,9 хувиар өсч, 93 тэрбум төгрөг болжээ. Үүнээс хугацаатай хадгаламж 77,46 тэрбум, хугацаагүй хадгаламж 15,53 тэрбум төгрөг байгаа ба нийт 29733 иргэн хадгаламж эзэмшиж байна.


Түүнчлэн дээрх банкуудад 77569 харилцагч харилцах данстай ба тэдгээрийн 30894 нь мобайл банк, 35777 нь интернэт банк, 38445 нь SMS банкаар үйлчлүүлдэг. Харин 41364 харилцагч карт эзэмшдэг байна.


Ташрамд дурдахад Монгол банкны Дундговь дахь салбар болон ХААН, Хас, Төрийн банкны 31 тооцооны төвд нийт 172 ажилтан ажиллаж байна.

Холбоотой мэдээ