Ховд аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын нутагт Улаанбаатарын 11.7 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт тус аймгийн Чандмань сумын төвөөс зүүн урд
зүгт 19 км, Зэрэг сумын төвөөс хойд зүгт 48 км, Манхан сумын төвөөс зүүн зүгт
58 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 13 удаа бүртгэгдээд байна.
Газар
хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор,
газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга
байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн
цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын
гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөх гэдэг. Дэлхийн гадаргуу 20
салангид тектоникийн хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт
үзүүлж байдаг аж.