ДУНДГОВЬ: Аймгийн аварга малчин, саальчин, тариаланчдад шагнал гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон
дээр Дундговь аймгийн “Хошой аварга малчин өрх”-3, “Аварга малчин өрх”-57,
“Аварга тэмээчин өрх”-4, “Аварга саальчин”-5, “Аварга тариаланч” хоёроор
нэмэгдэж, 2 дугаар сарын 5-нд шагнал гардуулах ёслолын ажиллагааг аймгийн
ТХДЖТ-т зохион байгууллаа.
Жил бүр мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, мал
маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг
сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан
сэргийлэх үзлэгт хамруулж эрүүлжүүлэх, нэгжээс хураан авах ургац,
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд амжилт гарган болзол хангасан малчдад
дээрх шагналыг олгодог.
Аймгийн Хошой аварга, Аварга малчид, тэмээчид, саальчид,
тариаланчид шагнал гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ салбар
салбарт хийж хэрэгжүүлсэн онцлог үйл явдал, ололт амжилтыг дурдаж, айл өрх, аж
ахуйн нэгж, албан байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх
санаачилгатай ажиллаж байгааг дурдахад таатай байна хэмээн онцоллоо.
Тэрбээр: “Жил бүр уламжлал болгон улс, аймгийн аварга
малчид, аварга саальчид, аварга тариаланчид, алдарт уяачдаа шалгаруулан
шагналыг сар шинийн босгон дээр гардуулдаг уламжлалтай.
Модон луу жилийн босгон дээр Дундговь аймгаас Монгол
улсын Хошой аварга малчин өрх нэг, Улсын аварга малчин өрх 10 тодорсон бол
аймгийн Хошой аварга малчин өрх 3, Аварга малчин өрх 57, Аварга тэмээчин 4,
Аварга саальчин 5, Аварга тариаланч 2 төрөн гарч байна.
Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан улс, аймгийн аварга цол хүртсэн эрхмүүдэд талархал илэрхийлье. “Нарны хүлэг” уяачдын холбооноос аймгийн Алдарт уяачдыг шалгаруулж, өнөө жил 23 уяач шалгарлаа.
Луу жил Дундговь аймгийн иргэд бидэнд өгөөжөө өгч, иргэд
олон түмэн тайван амгалан, ахуй амьдрал нь өөдөлж дэвжсэн, ихийг хийж бүтээсэн
жил байх болтугай” гэлээ.
Дундговь аймгийн хувьд 2023 онд хүний нөөцийг хангах, "Тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЕБС-ийн бага
ангийн сурагчдын кальци, амин дэмийг нөхөх, мэдээллийн ил тод байдлыг
сайжруулах, иргэдээ сонсох зэрэг олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж,
Монгол Улсын Засгийн газрын хийсэн үнэлгээгээр 21 аймгаас 7 дугаарт жагссан
амжилтаар туулай жилээ үдэж байна.
Модон луу жилийн босгон дээр аймгийн хошой аварга, аварга малчин өрх, аварга тэмээчин, аварга саальчин, аварга тариаланчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч Ц.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар гардуулж, ТХДЖТ-ын жүжигчид ая дуугаа өргөжээ.