Энэ онд 361 км хатуу хучилттай зам, найман голын гүүрийг бүрэн засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-07 15:15:55

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд энэ онд 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршилд 1205 урт метр төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулж, олон жил болж эвдэрсэн замуудыг засна.


Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг УИХ баталсан билээ. Төслийг нээж, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ, “Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх боломжит хугацаа маш богино. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхайлж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй. Төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүйгээр авто замыг чанартай, аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг багасган, цаг хугацаа хэмнэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэх ач холбогдолтой”-г тэмдэглэв.



Түүнчлэн, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудыг шинэчилж засна. Мөн Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 метр гүүрийн их засвар хийх аж.

 

 

Холбоотой мэдээ