ДУНДГОВЬ: Хамт олноороо шагайгаар наадаж, үндэсний өв соёлоо сэргээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас үндэсний өв соёл, шагайн наадгайг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуус хойч
үедээ өвлүүлэх зорилгоор “Шагайн наадгай” зохион байгуулав.
Монгол түмний уламжлалт шагайн наадгай тоглоомын
120 төрөл наадгай Соёлын өвийн газарт бүртгэсэн байдгаас тус байгууллагын хамт
олон “Алаг мэлхий өрөх”, “Шагай шүүрэх“, “Морь уралдуулах”, “Хомборой хаях“,
“Дөрвөн бэрх буюу 500” тоглоомоор тоглож, үндэсний өв соёлоо сэргээжээ.
Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний
харааг сайжруулж, ажигч гярхай болгодог. Мөн багаар ажиллах, манлайлах,
тэвчээртэй байх, авхаалжтай байх, зорьсондоо хүрэх, авьяас чадвараа нээж
илрүүлэх зэрэг гэр бүлийн хүмүүжлийн онцгой ач холбогдолтой аж.
Эрт дээр үеэс монголчууд битүүний үдэш хүүхэд багачуудынхаа
хамтаар “Алаг мэлхий өрөх” тоглоомоор наадаж ирсэн сайхан уламжлалтай. Эл
тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон
өрж нааддаг.
Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар
бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу
нийт 16 шагайг, шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрд 5 буюу нийт 20 шагайг,
нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр, хүзүүний дээд талд
толгой болгож 3 шагайг, хоёр талд нь нүд болгож, 2 шагай, чих болгож 2 шагайг
тус тус өрнө. Нурууны доод талд сүүл болгож гурван шагай өрөх ба нурууны 36
шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих
журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар
төлөөлүүлнэ.
Мэлхийний биеийг бүтээсний дараа толгой талд нь улаан
будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж, зүүн гар талд хөх будагтай 5 шагайг нум, сумны сүүл хэлбэртэй өрөөд “мод” гэж нэрлэн, баруун хажуугаас нь тухайн сумны
үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд “төмөр” гэж нэрлэнэ.
Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай
тавьдаг. Ийнхүү цагаан сарын үед наадах “Алаг мэлхий” нь нийт 108 шагайнаас
бүрддэг байна. Шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй
жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон
суусан дарааллаар шоо хаяж тоглодог.
Нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр нэг
нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, эсвэл
зүрх ба давсагны аль нэгийг, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос
эрхтний аль нэгийг, гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл
“төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг, дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль
нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл “мод” хэмээгдсэн шагайг,
зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ.
Хэрэв аваад дууссан эрхтний тоогоор шоо буувал тэр тоотой
шагайг буцааж өрнө. Энэ мэтчилэн тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг
авсан нь хождог ба энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна
гэж үздэг юм.
“Алаг мэлхий өрөх” наадгайд ЭМГ-ын дарга Б.Алтантөгс,
“Шагай шүүрэх” наадгайд хэлтсийн дарга Ц.Энхсайхан, “Морь уралдуулах” наадгайд,
мэргэжилтэн Ч.Мөнхжаргал, “Хомборой хаях” наадгайд жолооч Р.Мөнх-Амар, “Дөрвөн
бэрх буюу 500” наадгайд мэргэжилтэн Р.Мөнхбаясгалан нар тус тус тэргүүлжээ.