Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-02-17 11:25:29

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын ТНБД Э.Блинкентэй уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа нотлов.


Цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтов. 

Уулзалтын үеэр америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Үүнээс гадна талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.


Холбоотой мэдээ