ДУНДГОВЬ: Онцгой комиссоос аюулгүйн нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад үнэгүй өгөхөөр шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-21 09:52:40
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс энэ сарын 20-нд хуралдаж, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахын тулд хэд хэдэн шийдвэрийг гаргаж, иргэдэд танилцууллаа.


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 19-нд тус аймагт ажиллах үеэр 700 тонн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэр гаргасан.


Аймгийн Онцгой комиссын тус хуралдаанаар УОК-оос үнэгүй олгох өвс тэжээл дээр нэмж аймгийн аюулгүйн нөөцөд байгаа 50 тонн тэжээл, 200 тонн өвсийг мөн үнэгүйгээр малчдад өгөхөөр шийдвэрлэлээ.


Тус хуралдаанаар мөн хууль тогтоомж, тухайн байгууллагын дотоод журамд нийцүүлэн өөрсдийн хүсэлтээр малчдад туслах төрийн албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох, шаардлагатай тохиолдолд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани болон аж ахуйн нэгж, байгууллагуудын техник хэрэгсэл, хүн хүчийг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг сумдын Онцгой комисст даалгасан байна.


Мөн аймгийн хэмжээнд 3 дугаар сарын 20 хүртэл соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, 2023 оны төсвийн давсан орлогын тодорхой хувийг гамшгийг даван туулах үйл ажиллагаанд зарцуулах тухай тодотгол хийлгэх хүсэлтийг аймгийн ИТХ-д хүргүүлснийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тодотголоо.


Тус аймгийн хэмжээнд УОК-оос техник хэрэгсэл гарган төв зам, сум хооронд зам гаргаж, аймгийн Онцгой комиссын гишүүдийг сумдад ажиллуулж, аймгийн болон сумын Онцгой комиссын үйл ажиллагааны зардал болох 11,9 сая төгрөгийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ