“Uber Eats” робот хүргэлтийн үйлчилгээгээ Японд нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-02-21 12:14:34

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 21 /CNN/. Япон дахь Uber Eats-ийн үйлчлүүлэгчид захиалсан хоол хүнсээ роботоор хүргүүлэн авах боломжтой болох гэж байна.


Uber компани робот үйлдвэрлэгч Cartken” компани ба Японы Mitsubishi Electric корпорацтай хамтран ирэх сараас эхлэн Токиогийн зарим дүүрэгт “Eats”-ийн захиалгыг явган хүний замаар зорчдог автомат жолоодлоготой роботуудыг ашиглан хүргэхээр болсноо мягмар гарагт зарлажээ. Ингэснээр Япон улс Uber Eats платформын робот хүргэлтийн үйлчилгээ нэвтэрсэн анхны зах зээл болох юм. Гэхдээ тус улсын зочлохуйн салбарынхны хувьд робот туслахууд нь сонин содон зүйл биш бөгөөд алдартай сүлжээ ресторанууд робот үйлчлэгчийг олон жилийн турш ашигласаар иржээ.


Cartken” компанийн Model C роботууд хоол хүнс хүргэхдээ Токиогийн явган хүний замаар зорчих бөгөөд Mitsubishi Electric үйл ажиллагааг нь хянах ажээ. Эдгээр робот нь жолоодлого хийхдээ хиймэл оюун ухаан, компьютерийн дүрслэлийн технологиудыг ашигладаг байна. Явган хүний замаар зорчих роботуудыг саад тотгороос зайлсхийх, явган зорчигчдод давуу эрх олгох, гэрлэн дохион дээр зогсох зориулалттайгаар бүтээжээ. Тэдгээр нь алхаж буй насанд хүрсэн хүнтэй бараг ижил хурдаар явах бөгөөд хүргэлтийн явцад хоол хүнсийг зохих хэмд хадгалах зориулалттай тээшний хэсгээр тоноглогдсон байна.


Uber Eats”, “Cartken нь анх 2022 онд Майами хотод автомат жолоодлоготой робот хүргэх үйлчилгээг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс Виржиниа муж улсын Фэрфакс хотод үйлчилгээгээ өргөжүүлжээ.

Холбоотой мэдээ